Мэдээ

​Бүх хэрэглэгчийн усны төлбөр нэмэгдэж, дулаан, цахилгааны төлбөр хэвээрээ байна

Иргэд энэ сараас ус, цахилгаан, дулаан, хогны мөнгөө төлж эхэлнэ. Хэдийгээр цахилгааны төлбөрийн тодорхой хэмжээг төрөөс хөнгөлж байгаа ч айл өрхүүд илүү хэрэглэсэн цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөхөөр болж буй. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн дулаан, цахилгаан, ус төлбөрт өөрчлөлт орсон эсэхийг албаныхнаас тодрууллаа.

Айл өрх, ААН-ийн цахилгаан төлбөрийн талаар Эрчим хүчний зохицууах хорооны үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тодруулав. Тэрээр “Энэ оны байдлаар цахилгааны төлбөр нэмэгдээгүй. Айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ харилцан адилгүй байдаг. Гэхдээ улсын хэмжээнд нэг өрхийн сарын дундаж эрчим хүчний хэрэглээ 220 кВт.ц гэж тооцоолсон. Төрөөс 2022 оны зургадугаар сарын 1 хүртэл гэр хорооллын айл өрхүүдийн 250 кВт.ц, орон сууцны айл өрхүүдийн 350 кВт.ц цахилгааны төлбөрийг төлөхөөр болсон. Гэхдээ илүү гарсан хэрэглээгээ иргэд өөрсдөө төлнө” гэлээ.

Дулааны төлбөр нэмэгдээгүй өмнөх оны үнэ тарифаар байгаа аж. Нийслэлийн орон сууцанд амьдардаг иргэдийн дийлэнх нь 40-80м2-д амьдардаг учир сард дунджаар 3300-11000 төгрөгийг төлөх юм.

Дулааны үнэ тариф:

УСУГ-ын үнэ тариф, гүйцэтгэлийн үзүүлэлт хариуцсан эдийн засагч Б.Батцэцэгээс цэвэр усны төлбөрт ямар өөрчлөлт орсныг тодрууллаа. Тэрээр “Сүүлийн гурван жил “Ковид-19” болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан нэмэгдээгүй байсан усны төлбөр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн. Гэр хорооллын усны төлбөр хоёр дахин буюу хоёр төгрөг, орон сууцны хувьд 70 мөнгөөс 1 төгрөг 6 мөнгө, аж ахуйн нэгжүүдийнх 1 төгрөг 32 мөнгөөс 2 төгрөг 20 мөнгө болсон” хэмээлээ.

Усны төлбөр нэмэгдсэнээр гэр хорооллын иргэдээс илүүтэй орон сууцны иргэдийн сард төлөх төлбөрийн ачаалал нэмэгдэхээр байна. Орон сууцны айл өрхүүдийн нэг хоногийн усны хэрэглээ 150-200 литр байдаг. Энэ тооцооллоор усны төлбөр нэмэгдээгүй байхад сардаа 4340 төгрөг төлдөг байсан бол 1.6 төгрөг болсноор иргэд сардаа дунджаар 9920 төгрөг төлнө. Нэг ёсондоо өмнөх жилүүдээс хоёр дахин илүүг усны төлбөр төлөхөөр болжээ.

Мөн үүн дээр хогны мөнгийг төлөх ёстой. Айл өрхүүд сардаа 2000 төгрөг, худалдаа үйлчилгээ, хоолны газар, банк бол 20,000 төгрөгийн хогны төлбөр төлдөг байна. Бүтэн жил гаруйн хугацаанд ус, цахилгаан, хогны мөнгөнд санаа зовоогүй амьдарсан иргэд төлбөрөө төлж эхлэх цаг нь ирсэн байна. Ингэхдээ өмнөх оноосоо хамгийн багадаа 7380 төгрөгөөр илүүг төлнө. Цахилгааны төлбөр 250-350кВт.ц-аас хэтэрсэн тохиолдол нэг кВт.ц тутамд 142 төгрөг 67 мөнгийг тушаана. Дулаан, цахилгаан, хогны мөнгө өсөөгүй, харин усны төлбөр өссөн байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!