Амьдрал

Домог IZ: Чаддаг юмаа тултал хий

“14 настайгаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй. 18 настайдаа анхны тэрбум төгрөгөө олж байсан” гэж ам бардам хэлэх энэ залууг Гантогтохын Ирээдүй гэдэг. Түүнийг хүмүүс Ноён IZДомог IZ нэрээр, “Meborny” компаниар нь танина.

Бид түүний ертөнцөд хэсэг саатаж хүүхэд насных нь мөрөөдөл, ажил, сонирхол, амьдралын сургамж, харуусал, ирээдүйн алсын хараа зэрэг олон сэдвээр ярилцлаа.


-Та өөрийн гэсэн ертөнцөөрөө хэдийнээ олны танил болсон. Гэхдээ таныг огт танихгүй хүнд өөрийгөө хэрхэн танилцуулах вэ?

-Сонсож байгаагүй асуулт байна. Би мэдээллийн технологийн салбарт ажилладаг. ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо ч энэ мэргэжлээрээ ажиллаж байна. 16 настайдаа аавынхаа нэр дээр “Ноён IZ” нэртэй анхны компаниа байгуулж байсан. 2019 онд “Meborny” компанийг байгуулсан. Энэ компани маань хүмүүст компьютер болон интернет хэрэглээг таниулах, сурталчлах, суралцагчдын түвшинг ахиулах зорилготой үүссэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд 8000 орчим харилцагч, хэрэглэгчтэй болсон байна. Сүүлд байгуулагдсан компани гэхэд идэвхтэй хэрэглэгч маш олонтой. Манай компани гадаад зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Компанидаа найман ажилтантай. 8000 орчим харилцагчтай харилцахын тулд хүчин чадал сайтай Дуудлагын төв, дэмжлэг үзүүлэх системтэй байх ёстой. Гэхдээ мэдээллийн технологийн компани учраас энэ бүхнийг дижиталаар шийдсэн. Тиймээс найман хүн ажилладаг. Үүнээс энэ чиглэлд хэр их мэргэшсэнийг харж болно.

Би хүний  30, 40 насандаа мэдрэх мэдрэмжүүдийг 20-тойдоо мэдэрчихсэн

Монголдоо яагаад юм хийдэггүй юм бэ гэж хүмүүс гайхах нь бий. Гэхдээ манай компаниудын төсөв хангалттай байдаггүй. Манайх маркетинг чиглэлийн компани. Сүүлд LG mobile, Samsung зэрэг компанитай ажилласан. Монголд байгаа ажилтнууд маань оффис ажилдаа төвлөрдөг. Мөн манайх Пакистан, Энэтхэг, БНСУ зэрэг улсаас ажиллах хүч авдаг олон улсын компани юм.

Манай компани Монголд нэрээрээ танигдаагүй ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дижитал маркетингийн компани юм.

Би 2013 оноос хойш “Social bakers” компанид сайн дурын ажил мөн дадлага хийж байсан. Өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн. Яагаад гэвэл сүүлийн гурван жил орохыг хүсэж байсан компанидаа таван шатны шалгуурт тэнцээд, ажиллаж эхэлсэн. Одоо миний ажиллаж буй “Daimler Asia” групп компани нь Mercedes-Benz-ийг эзэмшигч юм.

-Та “Daimler Asia” групп компанид яг ямар ажил гүйцэтгэдэг вэ?
-Би Mercedes-Benz-ийн нэрэмжит “Petronas F one” багийн Льюис Хэмилтон нисгэгчийн дижитал маркетингийн багт ажилладаг. Тухайн нисгэгчийн талаарх мэдээлэл, зураг, видео зэрэг цахим хаягуудад орох контентуудыг хянадаг. Льюис Хэмилтон нь Английн 2020 оны хамгийн нөлөө бүхий хүний нэг. Тэрээр Англид хамгийн анхны Гүн цолыг авсан өнгөт арьстан хүн юм.

Мөн би Mercedes-AMG Petronas F1 багийн дэлгүүрийн борлуулалтыг хариуцан ажилладаг.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН ЭХНИЙ 100-Д БАГТАЖ ТЭНЦСЭН 100 ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛНӨ

-2022 онд төлөвлөсөн ажлынхаа тухай хуваалцвал?
-Ирэх онд “Meborny” олон улсын сангийн үйл ажиллагааг эхэлнэ. 2022 онд 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас тус санд төвлөрүүлнэ. Уг сангаараа дамжуулж их сургуульд суралцах боломжгүй, гадаадын их сургуульд суралцах гээд тэтгэлэг авч чадахгүй байгаа оюутнуудын төлбөрийг 100 хувь даах юм.

“Meborny” сангийн санхүүжилтийг 2022 оны аравдугаар сараас эхлэн төвлөрүүлж, 5 жилийн дотор дэлхийн шилдэг их сургуулийн эхний 100-д багтаж тэнцсэн 100 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөх юм.

-Дэлхийд үнэлэгдэхүйц боловсрол эзэмшихийг хүсдэг ч санхүүгийн боломжгүй маш олон залуус байдаг. Тэдэнд туслах санг үүсгэн байгуулж байгааг сонсоход таатай байна. Ер нь “Meborny” санг үүсгэх санаа хэзээнээс төрсөн бэ?
-Би 2013 онд Английн Кембрижийн их сургуульд тэнцсэн. Төлбөрийн боломжгүй мөн улсаас тэтгэлэг олдоогүй учир сурч чадаагүй. 2014 онд хүүхэдтэй болсон болохоор гадаад руу явахгүй гэж шийдсэн.

Манай сургалтад хамрагддаг залуусын ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг. Надаас үүн дээр олон талын зөвлөгөө авах гэж ханддаг. Тэдний зарим нь сургуульдаа тэнцсэн ч тэтгэлэг авч чаддаггүй. Ингээд би тэдэнд яаж тусалж болох вэ, ер нь энэ тогтолцоог өөрчлөхөд миний хувь нэмэр юу байна вэ гэж удаан бодсон. Ингээд сан үүсгэн байгуулах санаагаа гаргаж, маш олон хүнд танилцуулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана. Яамны зүгээс биднийг оюутнуудын мэдээллээр ханган дэмжин ажиллахаа илэрхийлсэнд таатай байна.

-Танай сангаас тэтгэлэг авсан тохиолдолд сургуульдаа сурч, төгсөөд эх орондоо ажиллах ёстой зэрэг тодорхой шаардлага бий юу?
-Ийм шаардлага байхгүй. Хэрвээ таны дурдсанчлан шаардлага тавиад эхэлбэл зээлтэй адил болох юм. Би тэтгэлэг олгосон оюутнаа буцаагаад компанидаа ажиллах нөхцөл тавьж болно. Гэхдээ тийм зүйл байлгахгүй. Сангийн санхүүжилтэд би өөрөөсөө 1 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна.

ЭМО, ҮНЭНЧ, ГУНИГТАЙ…

-Хоёулаа яриагаа Г.Ирээдүйгийн хүүхэд насны мөрөөдөл рүү аваачъя. Хэр их зүйл боддог, төсөөлдөг хүү байв?
-Би сэхээтэн гэр бүлээс гаралтай. Манай гэр бүлийнхэн намайг ерөөсөө дутуу өсгөөгүй. Би багадаа компанийн босс болно гэж их боддог байсан. Ээжийн талын эмээ дээрээ өссөн. Өвөө маань намайг гурван сартай байхад өөд болсон. Би өвөөгийнхөө хар өнгөтэй, дөрвөлжин чемоданаар тоглодог байлаа. Дотор нь банкны чекүүд байдаг байсан. Би түүн дээр нь мөнгөн дүн бичээд, гарын үсэг зурж, бичиг цаастай “ноцолдож” өссөн. Өвөөгийн энэ чемодан одоо ч манай ажлын өрөөнд байдаг.

Ах нар маань гадаадаас машин оруулж ирж зардаг байлаа. Гадагшаа их явна. Янз бүрийн гоё машин, барилгуудын зурагтай сэтгүүлүүд авчирна. Би түүнийг нь хараад ийм зүйлтэй болно гэж боддог байсан. Бас Ерөнхийлөгч болно гэж төсөөлдөг байлаа.

-Яг одоо өөрийгөө гурван үгээр тодорхойлбол?
-Эмо, үнэнч, гунигтай…

-Бодож байснаас тэс өөр хариулт хэллээ. Г.Ирээдүй тийм эмо гэж үү?
-Би ер нь гуних дуртай. Тэгж байж өөрийгөө олж хардаг. Хүмүүс намайг их аз жаргалтай л хүн байна гэж хардаг. Мэдээж тийм үе бий. Гэхдээ ганцаараа байх дуртай хүн. Би сүүлийн дөрөв, таван жил эморох дуртайгаа анзаарсан. Яагаад ийм байх болов гэж бодож үзсэн. Би одоо 26 настай. Анхны тэрбум төгрөгөө 18 настайдаа олсон. Мөнгөөр юу хийж болдог, найз нөхдийн үнэ цэн гэж юу юм гэдгийг хангалттай ойлгочихсон. Олон хүнийг амьдралаасаа алдаж бас олж авсан. Хүний  30, 40 насандаа мэдрэх мэдрэмжүүдийг 20-тойдоо мэдэрчихсэн. Би баяр ёслолд тийм их ач холбогдол өгдөггүй. Дотроо баяртай байсан ч үзүүлдэггүй. Сэтгэл хөдлөл багатай. Би зүгээр л гуних дуртай. Би өөрөө өөртөө маш үнэнч. Өөрийгөө зовоох дуртай. Хэцүү кино үзэх, ном унших дуртай. Урам зориг өгөх гэсэн хэт их дуу чимээтэй зүйлсэд дургүй.

БИ ЗҮГЭЭР Л ЧАДНА ГЭЖ БОДСОН ЗҮЙЛЭЭ ХИЙДЭГ

-“Хосын жор” видео контентод оролцох үеэр гэргий нь таныг “Том зүйлс яриад л байдаг. Гэхдээ хамгийн гол нь түүндээ хүрч чаддаг” гэж ярьж байсан. Ер нь хүн том зүйлийг мөрөөдөж, зорих нь амжилттай байхад нөлөөлдөг болов уу. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Хүмүүс намайг хараад сүрдэх нь бий. Харин эхнэрийнхээ хажууд гэртээ бол би зүгээр л нэг бондгор л хүн шүү дээ. Гэр бүлийнхэн маань өөрсдөө чимээгүй хэрнээ, хөдөлмөрч хүмүүс учраас намайг мундаг гэж харддаггүй. Би зүгээр л чадна гэж бодсон зүйлээ хийдэг. Чаддаг юмаа тултал хий.

Би аливаад сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. 18-22 насандаа сэтгэл хөдлөлөөр хандаж, шийдвэр гаргасныхаа улмаас хангалттай бүтэлгүйдэж, дампуурсан. Бүх зүйлийг бодитоор харахыг хичээдэг. Би сүүлийн жилүүдэд ерөөсөө сэтгэлээр унаагүй. Учир нь гарч болох үр дүнг хамгийн муугаар төсөөлдөг. Тэгэхээр сэтгэлээр унах зүйл бараг тохиолддоггүй. Амны билэг гэх мэт далд агуулгатай зүйлд итгэдэггүй. Аливаа ажлыг хоёр гараараа хийж л дуусгадаг.

Өөрийгөө хумхын тоос гэдгийг мэдрэхээр бүх зүйлд бодитой ханддаг болдог.

Би эхнэрийнхээ хажууд бол зүгээр л Ирээдүй байхгүй юу. Утгагүй, инээдтэй юм ярина. Яг бодит ажил дээр бол амбицтай, карьертэй нэгэн.

-Сэтгэлзүйгээ хэрхэн удирддаг вэ. Амаргүй сонголтын өмнө өөртэйгөө хэрхэн тулдаг бол?
-Би өдөр ирэх тусам сэтгэлээ “иддэг”. Өдөр ирэх тутам л миний сэтгэл хөдлөл идэгдэж, хүмүүст гишгүүлдэг. Маш олон удаа бүтэлгүйдсэн. Үнэхээр итгэж байсан хүндээ “хутгалуулчихсан”. Итгэлээ эвдүүлчихсэн. Заримдаа би өөрийнхөө бодож байгаагаас ч өөр хүн болчихдог. Амьдрал киноноос өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим кино хүмүүст хуурамч итгэл найдвар өгдөг. Гэнэт байж байгаад шууд амжилтад хүрч, супер хүчтэй болох тухай кинонд л гардаг. Кино их үзэхээр далд ухамсартаа ийм зүйлсэд итгэдэг болчихдог. Бодит байдал дээр энэ хорвоо ертөнц зөвхөн надад зориулагдаагүй. Өөрийгөө хумхын тоос гэдгийг мэдрэхээр бүх зүйлд бодитой ханддаг болдог.

-Итгэж байсан хүндээ “хутгалуулчихсан” гэж ярилаа. Энэ өгүүлбэрийн ард ямар түүх өрнөсөн бол. Нууц биш бол хэлж болох уу?
-2014 онд анхны тэрбум төгрөгөө олчхоод ердөө зургаан сарын дараа надад 10 сая төгрөг ч үлдээгүй. Тэгээд л бодоод үз. Олон зүйлд хөрөнгө оруулж, олон бичиг баримтад гарын үсэг зурсан. Тэр хүний яриагаар хотод ихэнх газар минийх болсон байв. “Энэ байшин, ийм машиныг чамд авлаа” гэж итгэж байсан хүн маань мөнгийг маань зарцуулсан. 18 настай хүүхэд юу мэдэх вэ дээ. Миний хуурай ах надад туслах гэж байна л гэж бодож байлаа. Ингээд уналтад орсон. Гэхдээ дөрвөн сарын дараа ахиад тэрбум төгрөг олчихсон байсан. Эхний тэрбум төгрөгөө олчихсон байхад дараагийнх нь илүү амархан байдаг юм билээ. Би тэр хүнд бас талархдаг. Өнөөдөр би 26 насандаа луйвардуулсан бол яах билээ. Гэтэл 18 настай байхдаа хүнд луйвардуулаад үзчихсэн. Хүн болгонд итгэж болохгүй. Хүнээ зөв таних хэрэгтэйг ойлгосон.

МӨНГӨТЭЙ БОЛООД “ЭВДЭРЧ” ЯВСАН ҮЕ НАДАД БИЙ

-Хүрээлэл чухал. Хөгжихгүй байвал хүрээллээ соль гэх мэт хувь хүний хөгжлийн зөвлөгөөнүүд байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хоёр талтай л байх. Хүрээлэл хайж явдаг хүмүүс надад өрөвдөлтэй санагддаг. Би өөрийнхөө байгаа хүрээллээ мундаг байлгахыг, миний хүрээлэлд байгаа хүмүүс намайг мундаг байлгахыг бас хичээдэг.

-Г.Ирээдүй 18 настай үе рүүгээ буцаж очоод өөртөө ганцхан зүйл захих боломж олдвол юу гэх байсан бэ?
-Буцаж очоод захихыг хүссэн зүйл байхгүй. Сэтгэл хангалуун байна.

-Заавал хариулт хэл гэвэл?
-Бусдын сэтгэлийг хайрлаж яваарай л гэж захих байх. Харьцаж байсан охин маань амиа хорлож байсан. Бас сайн найздаа цаг гаргаж чадаагүй. Маргааш нь тэр маань үгүй болчихсон байсан. Тэр үе рүү буцвал найздаа цаг гарга гэж өөртөө хэлэх байсан. Хэрвээ тэгсэн бол найз минь өнөөдөр надтай хамт чамтай ярилцаад ч сууж байх байсан юм билүү. Тэгэхээр чамайг хайрладаг хүмүүсийг хайрлах ёстойг өөртөө сануулмаар байна.

-Та өөрийгөө бусадтай харьцуулдаг уу?
-Өөрийгөө аавтайгаа харьцуулдаг. Өвөө маань аавыг есөн настайд өөд болж байсан. Аав маань есхөн жил аавтайгаа хамт байсан. 18 настай намайг яаж хүмүүжүүлэхээ тухайн үед мэдэхгүй байсан юм шиг санагддаг. Би аавдаа нэг үг хэлж байсандаа маш их харамсдаг. Намайг загнаж байхад нь би “Та өөрөө аавтай байгаагүй болохоор яаж хүний аав байхаа мэдэхгүй байна. Намайг бусдын аав нар шиг хайрлаж чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэрнээс хойш аав намайг загнахаа ч больсон. Энэ үгэндээ одоо хүртэл харамсдаг. Намайг хүүтэй болсноос хойш аав надтай илүү зөөлөн, ойлгож харьцдаг болсон. Одоо аавыгаа харахад маш гайхамшигтай санагддаг. Өөрийгөө харьцуулах хүн гэвэл аав маань л байна.

Монголд өөрийгөө харьцуулъя гэсэн ч надтай харьцуулагдахаар нэг ч хүн байхгүй. Өрсөлдөгчгүй байх нь хөгжихөд хүртэл хэцүү.

Монголд өөрийгөө харьцуулъя гэсэн ч надтай харьцуулагдахаар нэг ч хүн байхгүй. Өрсөлдөгчгүй байх нь хөгжихөд хүртэл хэцүү. Ийм гацаанд 2015-2018 оны үед орсон. Ингээд олон улсын байгууллагуудад ажиллаад Монголоос илүүтэй гадаадын зах зээлийг томоор харах болсон.

Би өөрийгөө мундаг болохоор өрсөлдөгчгүй гэж хэлж байгаа юм биш. Ерөөсөө бодит байдал л энэ. Намайг хүмүүс чи мундаг гэж магтах нь бий. Гэхдээ би магтаалд дургүй. Миний үеийн өчнөөн нөлөөлөгчид байна. Тэд надтай л адил боломжоор хангалуун өссөн байх нь элбэг.

Харин Г.Ирээдүй нэгэн малчин айлын хүү болж төрсөн бол магадгүй  адуучин болоод л сумандаа амьдрах байсан байх. Боломж тааруу, хүнд амьдралаас хөдөлмөрөөрөө амжилтад хүрч буй хүмүүсийг би хамгийн мундаг нь гэж боддог. Би тийм нөхцөлөөс амжилтад хүрч чадах байсан эсэхдээ эргэлзэж байгаа учраас тэднийг хамгийн ноймор нэг нь гэж үнэлдэг.

-Аавдаа хэлсэн үг нь маш чанга санагдлаа. Ер нь өсвөр насандаа гэр бүлийнхэндээ бодсоноо шулуухан хэлчихдэг нээлттэй хүүхэд байсан уу?
-Би бусад айлын хүүхэдтэй л адил өссөн. 18 насандаа тэрбум төгрөгтэй болсон хүүхдийн л авир тэр байсан байх. Би 14 настайгаасаа хойш аав, ээжээсээ огт мөнгө аваагүй. Дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг байлаа. Хүн мөнгөтэй болохоор өөрийгөө мэдэхгүй өөрчлөгддөг гэдгийг ойлгосон. Мөнгөтэй болоод “эвдэрч” явсан үе надад бий. 2015 онд ааваасаа хатуу үг сонссон. Шангаа хүртсэн гэх юм уу. Одоо ч гэсэн аавынхаа харцнаас эмээдэг, ээжийнхээ үгнээс суралцдаг хүндлэл надад бий. Аав маань надад худлаа яривал баригддаг гэдгийг хамгийн сайн ойлгуулсан. Амжилтын гол зүйл нь үнэн байх юм. Хүмүүс хүүхдүүддээ үнэн байхыг заадаг хэрнээ нүдэн дээр нь өөрсдөө худлаа ярьдаг.

-Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Анхнаасаа л сэтгэлзүйгээ бэлдэж, чадна гэж хэлээд л ажилдаа орно шүү дээ. Надаас хамааралгүйгээр бүтэлгүйдэх зүйл гарч ирнэ. Чадах гэж үзнэ. Болохгүй бол юм сураад л үлдэнэ. Бүр болохгүй юмыг тэр чигээр нь үлдээх хэрэгтэй.

ХҮН ЗАВТАЙ БАЙХААРАА СЭТГЭЛЭЭР УНАЖ, СӨРӨГ ХАНДЛАГАТАЙ БОЛДОГ

-Та нэг бичлэгтээ “Хүн мөнгөтэй болохоор хоббиндоо их мөнгө зарцуулдаг юм байна” гэж хэлсэн байсан. Таны хоббигийн тухайд?
-Би хүүхэд байхдаа авахыг хүсдэг байсан, дутуу байсан бүхнээ нөхөж байгаа. Мотоцикл, снөвбоард, экстрем спорт, автомашин гэх мэт. Би уралдааны автомашины рекорд эзэмшдэг. Би завтай байх дургүй. Хүн завтай байхаараа сэтгэлээр унаж, сөрөг хандлагатай болдог. Миний хоббинууд бол өөрийгөө сэргэг байлгах. Тархиа ажиллуулах шалтгаан юм.

-Та 2016 онд “Өөртөө анхаарахгүй бол эхнэрээрээ хэчнээн ч жил гоёв доо” гэж Ireedui.mn-д бичсэн байсан.
-Би өөртөө маш их итгэлтэй. Хаана ч очсон Гантогтохын Ирээдүй. Нөгөө IZ байхгүй юу. Хүмүүс надтай зөв харьцахыг хичээдэг. Би ч адил тэгж харьцахыг хүсдэг. Яг үнэндээ гадаад үзэмждээ анхаарч чадахгүй л байна. Байнга ширээний ард суудаг ажилтай. Бас хоёр өөр цагийн бүсэд ажилладаг. Би өдөрт хамгийн ихдээ 3-4 цаг л унтдаг. “Хосын жор” контентод орсон үетэйгээ харьцуулбал одоо 15 кг жин хассан байна. Гадаад үзэмждээ хэт их анхаардаггүй.

-Анх хэрхэн өрх тусгаарлаж байв. 18 настай аав болсон шүү дээ?
-Эхнэрээ амаржсанаас хойш бид хадам аав, ээжийнхээ гэрт нэг жил амьдарсан. Тэд маань надад маш их хайртай. Хүссэн хоолыг маань хийж өгнө. Хадам аавтайгаа коунтер тоглоод л байж байдаг байлаа. Байр бэлэн байсан. Тусдаа гарахад юу ч мэддэггүй байснаа ойлгосон. Их дэлгүүр ороод хайруулын таваг авахад таг нь хүртэл тусдаа үнэтэй байдгийг ойлгосон. Ингээд л бидний амьдрал тусдаа гарч эхэлсэн дээ.

-Цахимд маш идэвхтэй байдаг шүү дээ. Хүмүүсээс ирж буй сэтгэгдлүүдийг хэр анхаарч авч үздэг вэ?
-Ихэвчлэн манай суралцагч нараас олон сэтгэгдэл ирдэг. Байртай боллоо, машинтай боллоо гээд баяртай мэдээгээ дуулгана. Тэр болгоныг би цахимд нийтлээд онгирч болно. Гэхдээ миний ёсзүйд нийцдэггүй. Би хүмүүсийн бичсэн сэтгэгдэл бүрийг унших дуртай. Миний мэдрэмжийг хүмүүс яаж хүлээж авсныг харах нь сонирхолтой.

Чамд сөрөг сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэх итгэлийг чинь унтраагаад байгаа хүмүүсийг битгий дага. Өөртөө л анхаар.

-Хүмүүс цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихэссэн. Ийм асуудалд орсон хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш би хувь нэмрээ оруулж, хамтарч ажилласаар ирсэн. Хэрвээ та цахим гэмт хэргийн хохирогч болбол Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах хэрэгтэй. Та мэйл бичиж, утсаар яриад, гэрчийн мэдүүлэг өгөхөд болно. Жижиг гэлтгүй цахим гэмт хэргээс хохирсон бол цагдаад хандах нь зүйтэй. Бид Цагдаагийн байгууллагадаа итгэх хэрэгтэй. Би хараат бус мэдээллийг олоход нь дэмжлэг үзүүлдэг.

-Ойрын зорилгоосоо манай уншигчидтай хуваалцвал?
-Дэлхийн хүн болмоор байна. Ойрын хугацаанд “Meborny” сангийнхаа ажлыг амжилттай байлгах. Би гэртээ хүүхдээ хардаг ээж нарыг дэмжихийг хүсдэг. Манай сургалт гадаад руу очиж ажиллах биш гэрээсээ ажиллаад төдий хэмжээний өндөр цалин авахад нь туслах зорилготой. Жирэмсэн ээж нарыг тусдаа орлого олох гарцыг нь нээхэд дэм болмоор байна.

-Ярилцлагын төгсгөлд хүмүүст хандаж хэлэх зүйл байна уу?
Хэрэггүй юм аваад байвал хэзээ нэгэн цагт хэрэгтэй юмаа зарах хэрэг гардаг. Тиймээс эрсдэлийг тооцох хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн хүмүүс инстаграм дээрх ч юм уу хүмүүсийг хараад сэтгэлээр унаж, өөрийгөө харьцуулах гээд байдаг. Бодит биш тийм амьдралд битгий итгэ. Чамд сөрөг сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэх итгэлийг чинь унтраагаад байгаа хүмүүсийг битгий дага. Өөртөө л анхаар. Хэтэрхий олон хүн дагахаар тэдний амьдралыг судлаад, өөрийгөө харьцуулдаг. Бусдад байгааг харж, өөрт байхгүйг бодож битгий сэтгэлээр унаарай. Чиний цаг хугацаа ирнэ гэдэгт итгээрэй. Мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Ажил, амьдралд нь хамгийн сайхныг хүсье.
-Баярлалаа.

Эх Сурвалж: Gogo.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!