Эрүүл мэнд

Кофег хэдэн цагт уух ёстой вэ?

Кофе уух дуртай ч хэзээ, хэдэн цагт уух ёстойгоо бид мэддэг билүү? Хамаагүй уучихаад нойр хүрсэнгүй гэж гомдол тавьдаггүй гэж үү? Тэгвэл одоо санаа зоволтгүй. Америкийн Дартмутск коллежийн эрдэмтэн Стивен Миллер хэзээ кофе уух ёстойг цаг, минуттай нь гаргаад өгсөн байна.

Бид яагаад кофе уудаг вэ? Тархи толгойгоо сэргээж, ажиллах эрч хүч авахын тулд билээ. Миллер яг хэдэн цагт кофе уувал тархи толгой хамгийн сайн сэргэх вэ гэдгийг тогтоож өгсөн юм. Түүний онол ёсоор хүний бие махбодь сэргээгч болон эм танг яг хэрэгтэй үедээ авч байх ёстой. Үгүй бол таны бие ямар нэг сэргээгч, эм танд тэсвэртэй болж, үйлчилгээ нь багасдаг байна. Кофе уух график гаргахдаа бас нэг зүйлийг анхааран үзжээ.

Хүний тархи стрессийн гормон кортизол гэх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээтэй. Кортизол нь хүний биенд өглөө 8-9, өдөр 12-13, орой 17:30-18:30 цагийн үед ид ялгардаг байна. Тэгэхээр биенд угаасаа кортизол ялгаран сэргээж байхад энэ цагуудад дээр нь кофеин нэмэн хүртэж, биеэ зовоож болохгүй гэнэ. Учир нь дээрх цагуудад кофе ууж, кортизол кофеин хоёрыг хамт хэрэглээд байвал бие тань дасаад дараа нь хэдэн аяга кофе уугаад ч сэргэхээ больдог муу талтай аж.

Тиймээс эрдэмтэн Миллер кофег өглөө 7 цагт биш 9:30-11:30 цагийн хооронд уухыг зөвлөж байна. Учир нь энэ үед кортизол “амарч” байдаг байна. Харин өдөр 13:30-17:00, оройтож унтдаг “шар шувуунууд” 19 цагаас хойш уух хэрэгтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!