Кино ертөнц

Хүссэн хүн олоод байдаггүй, олсон нь дагаад саламгүй уулын жим…

Цэгмидгүй гол дүр цэнгийн үнэгүй юм шиг санагдтал тоглодог хүн дээ. Гол дүрээ тодотгох учиртай туслах дүрүүдийг үнэндээ л сэтгэлд хоногштол амьдруулдаг жүжигчин. Аюурзанын Цэгмид гэж ийм нэгэн сайхан жүжигчин Монголын кино урлагийн өвөрмөц чамин шигтгээ, үнэ цэнэтэй урлал болсоор хагас зууныг ардаа хийжээ. Холливудынхны бүтээсэн МАРКО ПОЛО цувралын олны хэсэгт дүр бүтээх гэж уригдан очсон түүний ур чадварыг найруулагч нар нь шагшин үнэлж дахин хоёр ч дүрд тоглуулаад авчээ. Яахын аргагүй л тайз дэлгэцийн урлагийн юугаар ч орлуулшгүй амин судал, алтан гагнаас мэт ийм нэгэн жүжигчин эгчээр өөрийн эрхгүй л бахархдаг юм. Гол дүрд хоёрхон удаа тоглож, туслах дүрээр олны сэтгэл зүрхэнд ингэж хоногшино гэдэг уртаас урт сүүдэр гэтлэн дэлбээлсэн уулын вансэмбэрүү гэлтэй. Жүжигчин А.Цэгмид Завхан аймгийн Завханмандал сумынх. Хань нь Соёлын гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат. Гарын таван хуруу жүжигт эрэгтэй хүүхдийн дүр бүтээн уран бүтээлийн гараагаа эхэлсэн А.Цэгмид ӨНДӨР ЭЭЖ, МАРТАГДСАН ДУУЛЬ зэрэг олон арван кино, жүжигт тогложээ. Сүүлийн үеийнхээс нь дурдвал БИ ЭЭЖ БОЛМООР БАЙНА, УЛААН ГУРВАЛЖИН, ХАРАНХУЙ ХАД …энэ салбарын залуу үеийнхний хувьд тэр бол зүг заагч, зүрх анирдагч. Кино урлагт хайртай олон хүний олон жилийн мөрөөдөл биелж А.Цэгмид эгч Монгол Улсын гавъяат жүжигчин болох нь. Хэзээ ч арилдаггүй хэрнээ бүдэгхэн, хэн бүхнийг хүссэн газарт нь хүргэдэг уулын жим байдаг даа. Чимээгүй даруухан оршиж, чих нүд болдог тийм л зам. Хүссэн хүн олоод байдаггүй, олсон нь дагаад саламгүй зам. Жүжигчин А.Цэгмид үзэгч надад тэгж л санагддаг. Тиймээс баяр хүргэе, Монгол Улсын гавъяат жүжигчин, эрхэм А.Цэгмид!
Эх Сурвалж: Эмүжин

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!