Ордууд

4-р сарын зурхай: Энэ сард хайр дурлал, ажлын амжилт, эрүүл мэнд, эд баялаг ямар байх вэ?

Хонь Урам зоригоор дүүрэн байна. Нар болон Дэлхий ван гаригийн нөлөөгөөр хониныхонд дийлдэшгүй их хүчээр амьсгалах бололтой. 4-р сар тэдний хувьд час халуун, дүв дүүрэн байна. Сугар гариг хайрлах мэдрэмж болон энхрий байдлыг чинь өдөөж өгөх бол Ангараг гариг шунал тачаалыг чинь дээш өрдөж, Дэлхий ван гэнэтийн сайхан явдлуудаар дүүрэн байлгаж, Нар чамайг гялалзуулж, гэрэлтүүлэх юм байна. Огторгуйн цүнхээлд соронзон хар нүх гэж байдаг даа. 4-р сарын соронзон нүх бол чи. Тачаангуй байдал чинь оргилдоо хүрч, хавийн хүн болгоныг үүндээ зогсолтгүй соронздох болно. Чи бол яг цахилгаан шиг, сорилт даваа шиг сэтгэл эзэмдэгч юм. Бусдыг татахаасаа гадна чи өөртөө ч хамгийн сайхан зүйлсийг татах аж. Чиний төсөөлж ч байгаагүй маш том хайр өөрөө ирэх болно. Хэрвээ чи аль хэдийн тэр хайраа олсон бол энэ сард харилцаандаа цоо шинэ зүйл авчирч, нэг шат ахихыг зөвлөж байна. Тэгэхгүй бол чамд байгааих соронзон давалгаа чинь өөр зүйлд татагдаж мэдэхээр юм байна шүү. Сарын хагас хүртэл энэ байдал үргэлжилж, 20-ноос эхлэн хэвийндээ шилжих ажээ. Од эрхэс чамайг сарын 20 хүртэл сайн дэмжих учир энэ хугацаанд амжуулж чухал ажлуудаа ард нугалаж аваарай. Гэхдээ энэ сар тэр чигээрээ шинэ санаачлага, амбиц, өрсөлдөөнийх байх болно. Өөр хүнтэй хамтран ажиллах ч бүхнийг өөрийнхөө талд шийдэхийг л чи хүсэх бололтой. Хийх ёстой ажлаа дуусгахын тулд няцашгүй тэмцэх ч гэлээ олсон санаа сэдлээ олон нийтэд дэлгэхгүй. Харин санхүүгийн сонирхол чинь энэ сард эрчимжиж, мэдэгдэхүйц өсөх хандлагатай байна. Сарын мөн л 20-оос эхлээд хөрөнгө орлогын шинэ үүсвэр, санхүүгийн өөр эх сурвалжтай болж магадгүй. Биеийн эрүүл мэндийн хувьд сайн хооллож, хөдөлгөөн хийж байхгүй бол ажил, хайр дурлалын завгүй байдлаасаа болоод стресстэй нүүр тулах аюултай.

Үхэр Сарын эхний хоёр долоо хоног хайр дурлалын хувьд тийм ч сайхан байхгүй бөгөөд бүтэлгүйтэл , гомдол тохиолдож магадгүй. Эсвэл хайрт чинь чамд хангалттай анхаарал халамж тавихгүй, үл тоомсорлоод байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зарим үхрийнхний хувьд харилцааны таагүй асуудал тулгарахгүй ч, хамтрагчид чинь хэцүү үе тохиож мэднэ. Гараас нь атгаад бүхнийг хамтдаа туул. Учир нь 4 сарын эхний хагасыг л давчихвал уур амьсгал өөрчлөгдөж тэнгэр цэлмэх ба энэ сарын 20-ноос дараа сарын 10-ны хооронд эротик хүсэл, мэдрэмжүүдээр дүүрэн байх болно. Ажил хэргийн тал дээр ч мөн адил, сарын эхний хагас идэвхгүй, эрч хүчгүй, үлбэгэр байх ба хийж буй ажлаасаа санаанд хүрсэн үр дүнг олж харахгүй. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш. Энэ ажлын төгсгөл өөр нэгэн боломжийн эхлэлийг тавьж болзошгүй. Үгүй юмаа гэхэд, бүх зүйл дууссаны дараа чи тохиолдсон саад, бэрхшээлүүдэд талархаж тэдгээрээс олон зүйл сурснаа ойлгох болно. Сүүлийн арав хоногт хамгийн том боломж гарч ирнэ. Энэ боломжийн ачаар чи туршлагаа зузаатгах болно. Нар болон Ангараг гариг чиний ордод ороод бүтээмжийг чинь дээшлүүлж, эхний хэд хоногт алдсан бүхнээ эргүүлэн нөхөх цаг гаргана. Сарын эхний хагаст эрүүл мэндийн хувьд хэвийн боловч сэтгэл санаа доройтсоноос болж стрэсст орж, зөрчилдөх хандлагатай.

Ихэр Од эрхэс энэ сард чамайг гадуур гарч, шинэ хүмүүстэй танилцаж хөдөлгөөнтэй байхыг хүсч байна. Хөгжилдөж, дурлалцах олон боломжуудыг тэд чамд зориулан төлөвлөжээ. Олон нийтийн үйл ажиллагаа, найзуудын уулзалт зэрэгт төвөгшөөлгүй очсоноор эдгээр боломжуудыг өөрийн болгох боломжтой. 4 сар чамд эерэг үзэл, итгэл найдвар, адал явдал, чухал үйл явдлуудыг харамгүй өгөх боловч чиний тогтворгүй байдлаас шалтгаалж удаан хугацааны харилцаа үүсэхгүй л болов уу. Ажил хэргийн тал дээр илүү уян хатан байж, нөхцөл байдалд хурдан дасан зохицох чадварыг шаардана. Гэхдээ тэр бүхний ард сайхан боломжууд нээллтэй байгаа учраас бүх хүчин чадлаа дайчлан ажиллаарай. Ирээдүйгээ төлөвлөж, урьдны мөрөөдлүүдээ нэхэн санах нь. Чухал нөлөө үзүүлэхүйц шинэхэн танилтай болох зэргээр зорилгодоо хүрэхэд чинь туслах эх үүсвэрүүдийг чи амархан олно. Чамайг дэмждэг хүмүүст талархахаа битгий мартаарай. Энэ сард харилцан хамтын ажиллагаа, хурал цугларалтын үр дүн маш сайн байна. Шинийг санаачлагч гэдгээ дээд тушаалтандаа харуулахын тулд тавьсан санал, өгсөн үүргийг нь ягштал биелүүлээрэй. Хэрвээ үүнийг л чи чадчихвал маш олон боломж, шинэ адал явдлууд чамайг хүлээж байна. Хоёрдугаар хагаст орлого өснө. Сарын эхний хагаст эрүүл мэнд маш сайн байх боловч сүүлийн хагаст ялангуяа сүүлийн арав хоногт дархлаа муудаж өвчин ороож магадгүй. Үүнд ул суурьтай хандаж сайн эмчлүүлэх хэрэгтэй шүү.

Мэлхий 4-р сарын “уур амьсгал” хэвийн, тогтвортой том өөрчлөлтгүй байна. Чи бүх зүйлээс төгс төгөлдөрийг эрж хайх ба үүнээсээ болоод богино хараатай хүнтэй муудалцах юм уу эргэн тойрныхондоо муухай аашилж мэднэ. Буулт хийхийг хүсэхгүй байсан ч цагаа тугаа өргөж сурах хэрэгтэй. Өөртөө төрж буй мэдрэмжээ нуух тусам улам ихээр шаналах болно. Сэтгэлзүй чинь дээд зэргийн эмзэг байна. Илүү хариуцлагатай, илүү ухаалаг, илүү тэвчээртэй байхыг хичээгээрэй. Шинэ зүйлээс айх хэрэггүй. Бас харилцаагаа шинэ түвшинд авчрах тухай бодох нь зүйтэй. Сарын сүүлээр мартагдашгүй дурсамжийг бүтээх болно. Мэлхийн ордны нийгмийн статус, ажил хэрэгт бөөн бужигнаан, хөл хөдөлгөөн болно. Дөрвөн сар ажлын амжилт бүтээлээр дүүрэн сар байх нь ээ. Чи бүхнийг өөрийн чадах дээд хэмжээнд хийхээр нойр хоолоо мартан зүтгэх болно. Боломж хангалттай байна. Удирдах албан тушаалтнууд энэ сард чамайг дэмжих сонирхолтой байх болно. Энэ боломжийг ашиглаж байр сууриа баттай болгоорой. Санхүүгийн хувьд алдагдалтай ч биш, нэмэгдэлтэй ч биш байх нь ээ. Сарын 2-р хагаст санхүүгээ сайжруулах боломж олдоно. Стрессдэхээс болгоомжил. Энэ сард сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй. Ажил, амралтын цагаа сайн төлөвлө. Тэгээд төлөвлөгөөний дагуу цагаа сайн баримтал. Хаврын улиралд хэрэглэх аминдэм өөртөө аваарай. Мөн боломж олдвол сайн унтаж амарч байгаарай. Ажил хэрэгч, хүчтэй, сэтгэлийн хаттай, итгэл даахуйц хүн болохоо батлан харуулах сар чиний өмнө байна.

Арслан Арслангуудын хувьд 4-р сар бүхэлдээ дүрэлзсэн их эрч хүч, урам зоригийн сар байх болно. Сугар гариг сэтгэл татсан байдлыг чинь, Ангараг тачаангуй талыг чинь соронзон адил л өсгөн нэмэгдүүлэх болно. Хэрвээ чи хүнд дурласан бол түүнтэй “ямар нэг зүйл болох”-д яг тохирсон сар гэж хэлж болно. Сарын туршид зүрх чинь догдолж, сэтгэл гэгэлзэх нь хайр ирэхэд хүлээн авахад бэлэн байгааг нотлоно. Тохиромжтой хүн гарч ирэнгүүт л түүнийг бүхэл амьдралдаа хэрхэн тохирч байгааг шуудхан дүгнэхээ болиод зүрх сэтгэлээ зүгээр л хайрлаж, дурлахад зориулахыг од эрхэс зөвлөж байна. Нар-Сугар-Ангараг гариг гурвын нийцтэй тохироо чамд хүч өгч, ажлын нөхцөл байдлаа зөвөөр харж ойлгон, хөгжүүлэхэд туслана. Тиймээс зоригтойгоор хөдөлж, бусдыг удирдаж, өөрийн саналаа хамгаалахаас бүү ай. Чамайг энэ сард хэн ч зогсоож, төвөгшөөж чадахгүй. Хамтын ажиллагаа, түншийн харилцааг сайжруулах болон нийгэмд өөрийгөө тод томруунаар гаргаж тавихад чинь чамд Сугар гариг хүчээ өргөнө. 4-р сарын 20 хүртэлх өдрүүдээ баримттай судалгаа, мэргэжлийн дасгалжуулалт хийхэд зориулаарай. Мөн бизнесийн санал хүлээн авч, түүнтэй холбоотой гадагш аялах, боловсролын шугамаар өөр байгууллагатай холбогдоход нэн таатай. Бүх арслангууд биеийн судлаараа адреналин ялгаруулж байгаа юм шиг л цоглог байгаад байвал бүү гайхаарай. Учир нь түүнд хоёр хүний хүч чадал бүрнээ орчихсон байгаа. Тиймээс хэн ч сүйтгэж чадашгүй өөдрөг үзэл, цоглог байдалтайгаа эртхэн эвлэрээрэй, арслангуудаа. Гэхдээ аюултай алхам хийж эрсдэлд орохгүй байхыг сануулж байна. Энэ сард үйл ажиллагаагаа зөв чиглүүлж чадвал бүхэлдээ амжилтын сар байх болно.

Охин 2022 оны 4 дүгээр сар Охины ордныхны хайр сэтгэлийн харилцаанд онцын өөрчлөлтгүй өнгөрнө. Романтик хайр дурлалыг хүсэмжилсэн хэвээр, сексийн нууцыг нээх хүсэл хэвээр, үүнийхээ хажуугаар хэн нэг сэтгэл булаасан онцгой чанартай хүнийг түших хүсэл хэвээр…мөрөөдөл ч хэвээр, тавьдаг шаардлага чинь ч хэвээр. 4 сарын эхээр хайртдаа эргэлзэж, сэтгэлзүйтэйгээ тулж ажиллах шаардлага гарч мэднэ. Чи нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, учрыг нь олох гэж оролдон, хамтрагчийнхаа талаар ямар нэг нууцыг мэдэхээр улайрч магадгүй. 4 дүгээр сарын хоёрдугаар хагаст Охины ордныхны зан ааш намжиж, амгалан тайван болно. Дотны хүнтэйгээ цуг хорвоо ертөнцийг танин мэдэх хүсэл төрнө. Хайрттайгаа цуг аялалаар явах юм уу, чамаас хол байдаг хүнтэй сэтгэлийн холбоо тогтоож магадгүй. Харин ажил хэргийн хувьд од эрхэс чамайг санхүү, бизнестээ анхаарлаа хандуулахыг хүчтэйгээр шаардах тул бэлтгэлтэй байгаарай. Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах болон банк, даатгал, татвар, хувьцаатай холбоотой ажилд ихэнх цагаа зарцуулна. Ивээн тэтгэлэг эсвэл сургалтын тэтгэлэг авахад таатай үе. Сарын сүүлээр чиний сурч мэдэх, өөрийгөө боловсруулах болон удаан хугацаанд хамтран ажиллах түнш хайх эрмэлзэл нэмэгдэнэ. Их сургууль, сургалт, шинжлэх ухаан, соёлын болон хуулийн талын зүйл сонирхох болно. Бүгд чамайг амжилт руу хөтөлнө…Энэ сард чамд өөрөөсөө өөр хүн болчихсон мэт санагдаж, гутарч, эрч хүчээр дутагдаж бухимдаж магадгүй. Бодож бясалгах, тайвширахад цаг гарга. Өөрийгөө хэт ачааллах хэрэггүй.

Жинлүүр Байгаа газраасаа сайн бариарай. Учир нь чиний сууж байгаа амьдралын “хөлөг” дайвалзаж мэдэх нь. Од гаригс маш их өөрчлөлт, шинэчлэл, гэнэтийн бэлэг, боломжийг зөгнөж байна. Тэнгэрийн ван гариг чамд хүсэл тэмүүлэл, хүчирхэг, ширүүн авир, идэвхтэй өдрүүд, тачаангуй дүр төрхийг бэлэглэнэ. Од эрхсийн энэ байрлал чамд хайр дурлалын хувьд сайн ч, саар ч үйл явдлуудыг авчирч мэднэ. Чиний хандлагаас шалтгаалан тэр нь гайхамшигт романтик адал явдал, дүрэлзсэн маргааны аль нь байх нь шийдэгдэнэ. Зарим нэг зүйлд хэтэрхий их эрч хүчээ зориулахаас зайлсхий. Мэдээж хэрэг олдож буй боломжийг битгий алдаарай. Жинлүүрийнхэн хэзээд хайрламаар онцгой хүмүүс байдаг. Тийм ч учраас хүмүүс чамд боломж олгохыг хүсч байна. Хэн нэгнийг үл тоох хэрэггүй. Нэг л өдөр тэр чиний хувьд хамгийн чухал хүн болж мэднэ. 4-р сарын 15-ний өдөр чиний амьдралд чухал зүйл болно гэж гэж од шивнэж байна. Сарын эхэнд тун ашигтай гэрээ, тохиролцоонд хүрэх бололтой. Үүний ачаар санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой болно. Шинэхэн танилуудтай болно. Танилтай хүн талын чинээ гэдэгчлэн тэр хүн чамд ирээдүйд нөхөрсөг тус үзүүлэх болно. Ер нь л энэ сар нөхөрлөлийн сар байх болно. Хүмүүст чадахаараа туслаарай. Ямар ч үед шаргуу хөдөлмөр амжилтанд хүргэнэ гэдгийг битгий мартаарай. Ажил дээр буруугаар ойлгох зүйл үүсч магадгүй тул бүхнийг тодорхой байлгах хэрэгтэй шүү. Амрахгүй удаан байх нь биед төдийлэн сайн биш гэдгийг санах хэрэгтэй. Тайвшрахыг хичээж, амарч байгаарай. Амьдралын хэмнэлээ бага зэрэг өөрчилж сонирхолтой болгоорой.

Хилэнц Сарын эхний хагаст хичээл сургууль, ажил албаа амжилттай явуулах асар их эрч хүчээр дүүрэн байх болно. Гэхдээ хайр дурлалын асуудал дээр яагаад ч юм нэг л тогтворгүй байх болно. Хамтрагч чинь чиний өөрт нь зориулж байгаа сэтгэлийг үнэлэхгүй байгаа мэт санагдаж бага зэргийн үл ойлголцол гарч болзошгүй. Хайрт чинь чамаас илүү их халамж,анхаарал, дэмжлэгийг хүлээж байгаа бололтой. Гэхдээ сарын сүүлийн хагаст энэ байдал эерэгээр шийдэгдэх болно. Хилэнцийнхний аливаа асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэж чаддаг чадвар нь түүнд тус болно. Тэд өөрийн хайртай хүнийхээ сэтгэлийг ядах юмгүй өөрчилж чадна. Хилэнцийнхэнд дөрөвдүгээр сарын 15-19ний хооронд ямар нэг романтик үйл явдал тохиолдож магадагүй. Энэ үед та өөрийн сэтгэл хөдлөлөө дарах хэрэггүй. Аливаа болж буй зүйлийг болж байгаа чигээр нь мэдрээрэй. Өөрийнхөө дотор орших нууцхан ичимхий зангаасаа болоод сэтгэл хөдлөлөө дарах хэрэггүй. Энэ сард чи чухал ажил хариуцаж авах болно. Хариуцаж авсан ажлаа хариуцлагатай хийж чадвал маш их зүйлд суралцах болно. Чамд бүхнийг хамгийн сайнаар хийх, зохион байгуулах эрч хүчээр дүүрэн байх болно. Чи хэр их хичээл зүтгэл гаргана тэр хэмжэээгээр ажил үйлс чинь амжилттай бүтнэ. Чиний бусдыг зохион байгуулах авъяас өөрийг чинь өмнөхөөс чинь илүү тод гэрэлтүүлэх болно. Ажил хэргийн харилцаанд ганцаарчилсан уулзалт хийх үед өөрт ашигтайгаар нөхцөл байдлыг эргүүлж чадах болно. Эмх замбараагүй болсон хамт олны таагүй харилцаа, үл ойлголцол, аливаа шүүмжлэлийг чи хамт олныхоо өмнөөс шийдэж өгч чадна. Ирж буй дөрвөн сард эрүүл мэндийн хувьд сайн байна. Хэрэв та ямар нэг гоо сайхны хагалгаа хийлгүүлэхээр төлөвлөсөн бол сайн судлахыг зөвлөж байна.

Нум Сэтгэл зүрхний асуудалд 4-р сар Нумын ордныхонд урьдын адил ээлтэй байх болно. Чамд хайрыг олохын тулд од эрхэс хүртэл эвлэлдэн нэгдэх нь ээ. Нар, Ангараг, Сугар гаригууд чиний хайр дурлалын ордод орсноор эротик хүсэл, жирэмслэлт, төрөлттэй холбоотой ямар нэг зүйлийг авчирна. Хэн нэгнийг хайрлах энхрийлэх хүслээр баян байх ба, адал явдлаар цангаж орчлон хорвоо ч чиний хүслийг тааварлах мэт хамгийн тохиромжтой нөхцөл байдлуудыг илгээх болно. Эдгээрээс шалтгаалан, хаана ч хэзээ ч дурлалын бал бурам чамайг отож байж мэднэ. Гэхдээ энэ удаад илүү тэсрэлттэй, зоригтой, гэнэтийн байх болно. Өнөөдрөөрөө амьдарч, өмнө нь төсөөлж байгаагүй зүйлтэй учрахдаа бэлтгээрэй. Гэхдээ эрсдэлтэй нүүр тулах хэт дэврүүн хүслийн чинь үр дагавар чамаас дараа нь хариу “нэхэж” болзошгүйг сана. Хэрэв хайр дурлал чамд ирвэл урт амьсгаа авч өөрийгөө бэлдэхийн сацуу, байдлыг бодитоор үнэлж энэ харилцаа хэр хол явж чадахыг тооцоолох хэрэгтэй. Энэ сэтгэлийн давалгаа 4 дүгээр сарын сүүлийн 10 хоногт намжих төлөвтэй. Ажил хэргийн хувьд мөн л өлзийтэй сар ирж байна. Ер нь хаврын улирал чамд хичнээн ээлтэй байдгийг чи мартаагүй байх. Чиний чадвар чансааг тодотгох гэнэтийн санаанд оромгүй боломжийг гарт чинь атгуулахаар од эрхэс шургуу ажиллах нь. Чамайг зөв цагт зөв газар чинь аваачсаар байх болно. Тушаал дэвших, нэр дэвших, ажилд орох зэрэг өөрийгөө таниулах үйлд таатай бөгөөд өөрийгөө илэрхийлэх чадвар чинь нилээд хүчтэй байх тул уран бүтээлч ажилд илүү сайн. Хүч тамир ч сайн байх тул идэвхтэй хөдөлгөөн, эрч хүч шаардсан спортоор хичээллэж эхлээрэй. Хагмийн эхэнд дурдсан гурван гаригийн нэгдэл чамайг холын замыг зорих, эсвэл эрсдэлтэй зүйлтэй нүүр тулах зоригийг өгнө. Мөн энэ гаригс чамд санхүүгийн аз хийморь авчирч, мөрийтэй тоглоомыг хүртэл ивээнэ. Харин 4 сарын сүүлийн 10 хоног чамайг хийдэг зүйлдээ хариуцлагатай, ажил хэрэгч хандахыг шаардана. Хөгжилд! Чөлөөт цагийнхаа нэг хормыг ч бүү дэмий өнгөрөө!

Матар Сарын эхээр та ихэнхдээ гэртээ өнжиж, ганцаардлыг мэдрэх бололтой. Үүссэн нөхцөл байдлаасаа болж ямар нэг сайхан газарт очиж гэр бүлийнхэнтэйгээ сайхан амрахыг хүсэх болно. Нөгөөтэйгүүр эцэг эх чинь гэр бүлийн харилцаатай холбоотой ямар нэг чухал шийдвэр эсвэл үүрэг хариуцлагыг өөрт чинь оноох бололтой. Хайр дурлалын асуудалд чинь ямар нэг асуудал тулгарсан бол анхаарлаа хандуулж эерэгээр шийдэхийг хичээ. Та хоёр бие биетэйгээ хоёулахнаа ярилцах цаг гаргах хэрэгтэй. Энэ сард хараахан тусдаа гарч амжаагүй байгаа хосууд өрх тусгаарлах бололтой. Сарын 15-наас эхлэн матрынхны мэдрэмтгий байдал улам илүү нэмэгдэх бололтой. Энэ байдал 20-ныг хүртэл үргэлжлэх болно. Хайрт чинь чиний нүдэнд түшиг тулгуур, нэгэн биеийн нөгөө тал биш, харин сэтгэлийн баяр цэнгэл, эрх чөлөөгөө хуваалцах хамтрагчийн хувиар харагдах болно. Огцом эмоциуд, анхны харцаар дурлах зэрэг сэтгэл хөдлөлийн илрэлүүд нэмэгдэнэ. Энэ сард өөрийн хариуцсан ажилдаа ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа бүтээн байгуулалт эрхэлдэг матрын ордыхонд энэ ихээхэн хамааралтай. Сарын сүүлийн хагаст бүтээлч байдал нэмэгдэнэ. Үүнийг ашигтайгаар ашиглаж чадвал ирээдүйд ахиц дэвшил гарах болно. Аливаа эрсдэлд зоригтой ханд. Хувь заяа чиний талд байна. Энэ сард чи маш чухал ажилд ханцуй шамлан орох бололтой. Аль ч салбарын матрынханд ажлын өсөлт дэвшил харагдаж байна.

Хумх 4 сарын чам дээр буух боломжуудыг гарынхаа салаагаар урсгачихалгүй, бушуухан бариад аваарай. Чамд өгөөмөр, сайхан сэтгэлээр хандахыг хүсч буй хүмүүсийг цааш нь түлхэх хэрэггүй. Танилцахыг хүссэн хүмүүсээс ч зайлсхийх хэрэггүй. Магадгүй насан туршийн найзаа ч олж мэдэх юм. Од гаригс хайр дурлалын тал дээр асуудалтай байгааг сануулж байна. Бусдын тайлбарыг хааяа ч гэсэн сонсож байгаарай. Хэн нэгэн чамд хайраа илчлэх тухай бодож байна. Харин чи анзаарахгүй өнгөрөхөөс болгоомжлоорой. Найз нөхөдтэйгээ өнгөрөөх цаг багассан бол энэ тал дээр анхаар. Ер нь л энэ сар чиний хувьд харилцаа холбоогоор дүүрэн өнгөрнө. Сонирхолтой хүмүүстэй яриа өрнүүлж, гар утас чинь зогсоо зайгүй дуугарна. Хайрттайгаа ярилцахдаа өөрийнхөө үзэл бодлыг тулгалгүй, хоолойныхоо өнгийг тохируул. Тайлбар, үгүйсгэл, эсэргүүцэл, үзэл бодлын зөрчилдөөн, зөвшилцөл бүхний үр дүнд зөв шийдвэрийг гаргахад анхаараарай. Хэн нэг дотны хүнтэйгээ цуг аялалд гарах юм уу, сонирхолтой болзоо тогтооно. Бүх юм л хөдөлгөөнтэй байх учраас энэ сар чиний хувьд нүд ирмэхийн зуурт өнгөрнө. Сарын эхэн хэсгээр маш их идэвхтэй ажиллаж, ажлынхаа үр дүнд ч сэтгэл хангалуун байх болно. Асуудал олон тулгарах ч чи юу ч болоогүй мэт даван туулж чадна. Чамд туслах хүмүүсийн гараас атгахаас бүү татгалзаарай. Ажлынхаа талаар хэрэгтэй мэдээлэл, тоо баримт цуглуулж байгаарай. Мөн албан тушаал дэвших боломж байна. Шинэ санаа бүхнийг тэмдэглэж авч байх хэрэгтэй. Учир нь биелүүлэх боломж ойрхон байна. Асуудал учрах бүрд тэр дор нь тодруул. Бусад хүмүүс чамайг буруугаар ойлгож болзошгүй. Энэ сард эрүүл мэндийн хувьд онц сайн байх нь ээ. Харин сэтгэл санааны дарамтанд орохоос сэргийл. Бусдын тухай бодож стрессдэх хэрэггүй. Бие эрүүл мэнддээ анхаарч бага зэрэг дасгал хийж байгаарай.

Загас Од эрхэс таны зүрх сэтгэлийн асуудлын бүхий л зүйлсийг шийдээд өгөх болно. Тиймээс энэ сард учрах дурлал, бусад хүмүүстэй харьцах харилцаандаа эргэлзэх хэрэггүй. Чи хайртыгаа өөрийнхөө “нөгөө тал” гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнтэй бүхнээ хуваалцахыг, түүнийг түшиж тулахыг хүсэх болно. Загасны ордныхон хайртдаа нялуун үгс хэлэхээс илүү зөвшилцөж зөвлөлдөх болно. Амнаас чинь “Би чамд хайртай” биш, “Аль нь дээр гэж бодож байна?”, “Хоёулаа үүнийг яаж хийх үү?” гэдэг үгс илүү олон гарна. Энэ үед чи өөрийн юу хүсэж байгаагаа илүү их мэдэрч өөртөө итгэлтэй болно. Санхүүгийн байдлаас болж хосууд маргалдаж болзошгүй. Хайрттайгаа хамт санхүүгийн тооцоо гаргаж хэрхэн үр ашигтай гэр бүлийн санхүүгээ захиран зарцуулах талаар ярилцаарай. Ажил хэрэгч чанар чинь нэмэгдэж, шинэ бодлого зохиох, төлөвлөх, тооцоолох “онгод” орно. 4-р сард Загасны ордныхны амьдралд банкны шилжүүлэг, санхүүгийн эх үүсвэр, орлогын нэмэгдэл зэрэг мөнгөтэй холбоотой эерэг зүйлс олон харагдаж байна.Тэнгэрийн Ван, Ангараг, Нар зэрэг динамик, хөдөлгөөнтэй гаригс чиний ордод орсноор гар, хөл, тархи гурвыг чинь тайван байлгахгүй. Сарын сүүлийн арав хоногт шийдвэрлэх ёстой маш олон асуудлууд гарч ирнэ. Шинэ танил, аялал зугаалга, амралт чөлөөт цаг гээд олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэгтэй болно. Идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар эрч хүч нэмэгдэж, ажлын стресс тайлагдах болно. Энэ сард хэдий эрч хүчээр дүүрэн байх ч түүнийгээ зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх ямар нэг зүйлийг дөрвөн сардаа багтааж хийгээрэй. Мөн энэ сар бол чиний хайртай дотны хүмүүс гэр бүлийхэндээ илүү анхаарал хандуулах ёстой үе гэдгийг бүү март.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!