Эрүүл мэнд

Шар сүүг хэрэглээд буй хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн

Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг.

Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж.

Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна.

Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай.

Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдаг сан.

Зун болохоор л муу ээж минь,
– Гүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэсгэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ.

Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий. Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.

Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг.

Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа.

Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана.

Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа. Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд юүхэв.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!