Эрүүл мэнд

Харшил яагаад үүсдэг вэ?

Харшлын улирал эхэллээ! Шинээр харшилтай болсон хүн ч бай эсвэл эргэн тойрныхоо олон арван харшилтнуудыг хараад “Би л ганцаараа дутчих юмсан даа” гэж боддог хүн ч бай, яг яагаад, ямар тохиол нь таарахаараа хүн харшилтай болдог тухай бодож байсан байх. Энэ асуултанд шинжлэх ухааны үүднээс хариулт өгье.

Харшлын гол буруутан “хэн” бэ?

Харшилтай хүмүүс харшил үүсгэгчдэд хамаг бурууг тохдог. Найзынхаа муурыг чичилж, агаар дах цэцгийн тооснуудыг ч буруутгаад л. Үнэндээ, бүхий л харшил үүсгэгчид бидний биед ноцтой хор учруулахааргүй, гэмгүй зүйлс байдаг. Харшлын шинжтэй хариу үйлдэл үзүүлж байгаагийн гол шалтгаан бидний дархлалын системд бий. Дархлалын систем маань гэмгүй биесийг өвчин үүсгэгчтэй эндүүрэн түүн лүү дайралт хийдэг юм. Хамар битүүрэх, хоолой загатнах гэх мэт харшлын шинж тэмдгүүд нь тэрхүү дайралтын үр дүн гэж хэлж болно. Эцсийн эцэст харшлын гол буруутан бид өөрсдөө болж таарч байна гээч.

Харшил хэлж ирдэггүй, “хийсч” ирдэг үү?

Биднийг төрснөөс хойшхи эхний сар, жилүүдэд дархлалын систем маань юу хортой, юу хортой биш талаар мэдээлэл цуглуулж, нэг ёсондоо “бүрэн дунд боловсрол” эзэмшдэг. Тиймээс л 5 нас хүртэлх хүүхэд шинээр харшилтай болох тохиолдол тун цөөхөн.

Хүний харшилтай болох эрсдэл түүний генээс үүсэлтэй. Харшил өөрөө өвлөгддөггүй ч, харшилтай болох хандлага нь өвлөгддөг аж. Хүүхдийн эцэг эхийнх нь нэг нь харшилтай бол 33 хувь, хоёулаа харшилтай бол 70 хувь өвлөгдөх магадлалтай юм. Харшламтгай ген харшил үүсгэгчтэй орчинд амьдрах л юм бол аллерги, астма хоёрыг өөрсдөө дуудаж байгаагаас өөрцгүй.

Одоог хүртэл харшлыг яг юу бий болгодог талаар бүрэн хариулт олдоогүй байна. Ямартай ч хүний биеийн ерөнхий эрүүл мэнд үүнд нөлөөтэй гэдэг нь батлагджээ. Жишээ нь, хэрвээ чи сул биетэй байхдаа (вирусын халдвар авсныхаа дараа ч юм уу) байнга ойр байдаггүй зүйлтэйгээ их хэмжээгээр ойртвол түүнээс харшилтай болох магадлал өндөр юм байна. Вирусын халдвар, агаар дах харшил үүсгэгчид хоёр зэрэг хүний биед ороход дархлаа вирусыг нь танин устгах мэдээлэл цуглуулж байхдаа харшил үүсгэгчийг нь ч бас давхар бүртгэчихдэг гэж ойлгож болно.

Тэгээд хаанаас “хийсч” ирдэг юм бэ?

Өмнө нь тухайн “харшил үүсгэгч”-тэй хэдэн зуун удаа зүв зүгээр харьцдаг байсан байж болох юм. Гэтэл нэг тодорхой үеэс авахуулаад л, ямар нэг шалтгаанаар бие түүнийг гадны халдагч хэмээн үзэж эхэлнэ. Яг тэр үед дархлалын систем тухайн харшил үүсгэгчийг судалж, бяцхан шинжилгээ явуулдаг юм. Бүх таних тэмдгүүдийг нь тэмдэглэж авмагцаа дараагийн удаагийн халдлагаас сэргийлж, түүнийг мөрдөн байцаах тусгай антибоди (эсрэг бие) –үүдийг бий болгодог. Баяр хүргэе! Ингээд л чи тухайн зүйлд мэдрэмтгий хүн боллоо. Тэгээд дараагийн тохиолдолд харшил үүсгэгчтэй ойртмогц бие маань шууд идэвхжиж, эсрэг биеүд уушги, арьс, хамрын хана, хоол боловсруулах системээр дамжуулан эзнээ хамгаалж эхэлдэг “ухаантай”. Уг нь ч тэд энэ бүхнийг бидний төлөө л хийж байгаа юм л даа.

Харшил “яван чангардаг” уу?

Харшил цаашдаа хэрхэн үргэлжлэхийг тааж хэлэхэд бэрх. Хүүхдүүдийн харшил том болох тусам багасах нь бий. Мөн насанд хүрэгчид хөгшрөх тусам шинж тэмдэг зөөлрөх нь ч түгээмэл. Энэ нь насны нөлөөгөөр дархлалын систем суларч, өмнөх шигээ хүчтэй хариу үйлдэл үзүүлэх чадвараа алдаж буйн шинж юм.

Гэвч ихэнх тохиолдолд харшил өөрөө алга болно гэж үгүй. Зарим хүнийх яваандаа улам хүндрэх ч тохиолдол байдаг. Ялангуяа хоолны болон латексийн гэх мэт хэт ноцтой шинж тэмдэг үзүүлдэг харшлуудад хамаатай.

Хэт цэвэрч байхын сул тал

Харшилгүй хүнгүй нийгмийг бий болгож байгаа бас нэг шалтгаан бол “хэт ариун цэвэрч” зан юм. Дээр дурдсанаар, бага насанд бидний дархлаа өвчнүүдтэй нэг нэгээр нь танилцаж ирээдүйд тэмцэх бэлтгэлээ ерөнхийд нь базааж авдаг. Гэтэл яг энэ үеэр нь хүүхдийг бохир заваан, патогенуудтай ойртуулалгүй өсгөчихвөл дархлаа юунд, ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн мэдэлгүй өнгөрнө. Алийг нь үл тоомсорлож, алийг нь устгахаа ойлгохгүй гэсэн үг.

Биологийн талаас үзвэл харшлын хариу үйлдэл нь биднийг паразитууд, шимэгчээс хамгаалах хэрэгцээтэй тогтолцоо юм. Гэхдээ бидний дэндүү цэвэрхэн амьдралын хэв маягаас болоод дархлаа маань бараг л “хийх юмаа олж ядаад” гэмгүй зүйлсийг биеэс хөөж эхэлжээ. Болхидуухан хэлэхэд хүүхдүүд байгалиасаа л бохиртож, шавраар тоглохоор заяагдсан гэсэн үг.

Гэхдээ тэглээ гээд, хүүхдээ долоо хоног усанд оруулахгүй байх ёстой гэсэн үг биш л дээ. Зүгээр л зарим нэг зүйлтэй танилцуулж байхад гэмгүй бөгөөд хэрвээ удмын харшилтай болох магадлалтай бол шинэ хүнсний бүтээгдэхүүн, шинэ орчин зэрэгтэй аажмаар, бага багаар танилцуулах нь зүйтэй.

Үүнтэй холбоотой нэг сонирхолтой судалгаа…

Лондонгийн King’s College-ийн профессор Гидеон Лак өндөгний харшилтай, экземтэй, өөрөөр хэлбэл ирээдүйд самарны харшилтай болох өндөр магадлал бүхий 4-11 сартай 640 хүүхдийг судалгаанд хамруулжээ. Түүний баг хүүхдүүдийг 2 хэсэгт хувааж, эхний хэсгийн хүүхдүүдийг 5 нас хүртэл нь ганц ч газрын самарны хольцтой бүтээгдэхүүн хэрэглүүлсэнгүй. Харин нөгөө хэсгийн хүүхдүүдэд 5 нас хүртэл нь долоо хоногт ядаж л 6 гр газрын самарны хольцтой бүтээгдэхүүн хэрэглүүлжээ.

5 насных нь төрсөн өдрийн үеэр судалгааг дүгнэх болов. Тэд бүгд нэг дор сууж байгаад их хэмжээний газрын самартай бүтээгдэхүүн хэрэглэлээ. Эрсдлийн хувь багатай 530 хүүхдээс багаасаа газрын самар хэрэглэж ирсэн бүлгийн 2-хон хувьд нь харшлын шинж тэмдэг илэрсэн бол, огт хэрэглэж байгаагүй бүлгийн 14 хувь нь харшилжээ.

Харин багадаа сорил тавиулахад газрын самартай харшлах эрсдэл тун өндөр байсан 110 хүүхдийн дунд дээрх харьцаа 35%:10% байна. Багаасаа газрын самартай ойр өссөн хүүхдүүдийн дунд түүнийг их хэмжээгээр хэрэглэсэн ч харшлах магадлал тун бага байгаа нь илт харагджээ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!