Амьдрал

Цэнхэр тасалбартай эсэхээ цахимаар шалгах боломжтой

Иргэд хувьцаагаа хэрхэн шалгах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хэрхэн зөв компани сонгож, хувьцаа худалдаж авах, шилжүүлэх, өвлүүлэх талаар сонирхоцгооё.

ЦЭНХЭР ТАСАЛБАРТАЙ ЭСЭХЭЭ ЦАХИМААР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ

1991 оны хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа зарим иргэн гээгдүүлсэн, аль эсвэл ямар хувьцаа авснаа санахгүй байх тохиолдол элбэг байдаг. Тиймээс иргэд цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг ихээр зорих болжээ. Учир нь хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж иргэдийн сонирхлыг татах болсонтой холбоотой. 1991-1994 оны хувьчлалын үеэр тухайн өрхийн тэргүүн, эхнэр болон хүүхдээ өөрийн нэрийн дор хамтран эзэмшигчээр бичүүлэн, данс нээлгүүлсэн тохиолдол элбэг байдаг байна.

Тиймээс иргэд тухайн үед ямар нэгэн хувьцаа авсан байж магадгүй гэж бодож байгаа бол интернетээр шалгах боломжтой. Жишээ нь, та интернетээр данстай эсэхээ шалгахаар бол google сайтаар дамжиж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт руу нь орно. Сайтын доод хэсэгт нь Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ, төвлөрсөн хадгаламжинд данстай эсэхээ мэдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу гэсэн цэс гарч ирнэ.

Ингээд Регистр гэсэн цэсийг сонгоод регистрийнхээ дугаарыг оруулж, данстай эсэхээ мэдэж авах боломжтой. Регистрийнхээ дугаарыг оруулснаар гарч ирэх мэдээлэл нь Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон Эрдэнэс тавантолгой ХК-ийн ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн аль эсвэл /нээлгээгүй/ байна. Та дараах брокер, диллерийн компанид очиж үйлчлүүлнэ үү гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Данстай гэж гарч ирвэл өмч хувьчлалын үед олгосон цэнхэр, ягаан тасалбар байх магадлалтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв данстай бол тус хэсэгт тухайн брокерын компанийн нэр, хаяг, холбоо барих утас гарч ирнэ. Мөн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бичиг баримттайгаа очиж шүүлгүүлж болох юм байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаагийн хэлснээр цэнхэр тасалбартай иргэд их байдаг гэнэ. Харин ягаан тасалбарын талаарх мэдээлэл тус төвд байдаггүй юм байна. Иргэд данстай, тэр нь цэнхэр тасалбар байлаа гэхэд тасалбарын ард цохолт байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол тэр нь хүчингүй болдог. Үүнийг хүмүүс ерөөсөө мэддэггүй гэдгийг мөн тэрбээр хэллээ.

ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ ХУВЬЦААГ ХҮҮХДҮҮД НЬ ӨВЛӨХ ЭРХТЭЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг зорих хүмүүсийн ихэнх нь хувьцаа өв залгамжлах, шилжүүлэх зорилготой ирдэг гэнэ. Эцэг, эх нь нас барсан бол хувьцааг нь шилжүүлэх процессыг тайлбарлая. Тухайн хүн аль дүүрэг, аймагт нар барсан тэр газарт нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ хийлгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, тухайн нас барсан хүн таван хүүхэдтэй байлаа гэж бодъё.

Хүүхдүүд нь хоорондоо ярилцаж, тохиролцоод хувьцааг нь хэндээ өвлүүлэхээ шийднэ. Тэгээд тохиролцсон тохиолдолд таван хүүхэд нь тавуулаа нотариат дээр очиж баталгаа хийлгэх ёстой. Ингээд хувьцаа өвөлж авах хүн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэнэ. Ийнхүү хувьцаа өв залгамжлах процесс явагдаж дуусна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГАА ЛАВЛААРАЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагаа нь ногдол ашиг тараадаг. Тус төвд иргэд “Эрдэнэс тавантолгой” ордын хувьцаатай холбоотой асуудлаар байнга ханддаг гэдгийг мэдээллийн ажил-тан нь хэллээ. Засгийн газар 2012 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшихгүй. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Энэ бүх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайтаар орж шалгах боломжтой юм. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тус төвд бичиг баримттайгаа очиж лавлах боломжтой.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!