Сэтгэл зүй

Сэтгэл зүйн дарамт буюу стресс

Гүн стресст орсон нөхрийнх нь ааш зан авир араншин эхнэрийнх нь амгалан тайван байдлыг бүр ганхуулж орхидог. Үүнээс үүдэлтэйгээр зарим нь салах тухай бодож эхэлдэг бөгөөд бүр гүйцэтгэх нь ч бий.
Ганцаараа амьдарна гэдэг эмэгтэй хүнийг тун их айлгаж, хэнтэй байх нь хамаагүй хэн нэгэнтэй л хамт амьдрахыг сонгодог. Зодож л байг. Хайртай болохоороо зоддог гэсэн үг хүртэл бий шүү дээ гэж өөрийгөө хуурч тайвшрах бүсгүйчүүд ч олон.
Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд бас нэг зарчмын ялгаа бий. Стрессийн нөхцөлд эмэгтэй хүн болсон явдлын шалтгааныг өөрөөсөө хайдаг юм. Эхний мөчид тэр юуг буруу хийснээ олохыг хичээдэг.
Эмэгтэй хүн найз хүүхнүүддээ нөхрийнхөө дарангуйллын талаар өдөр бүр ярина. Уйлна. Шалтгийг нь өөрөөсөө хайна.
Эмэгтэй хүн харин ч өөртөө бурууг өгч, бүгдэд нийцүүлэх, туслахыг хичээдэг.
Ийм нөхцөлд зарим эмэгтэйчүүдийн баримталдаг идэвхгүй байр суурь нь үнэн хэрэгтээ эр хүнд тус болдоггүй.
Цэнэгээ гаргахад нь эр хүнд дайсан, биеийн хүчний тулаан, боксын мешок хэрэгтэй. Маш сайхан хувилбар.
Дуугүй байх, тэвчих байр суурь нь эмэгтэй хүнийг өөрийг нь алгуур хөнөөдөг.
Сэтгэл хөдлөлөө дарснаар тэр нь хуримтлагдаж, эцэст нь янз бүрийн өвчтэй болно. Бүр хавдар тусч хорвоог орхиж ч мэднэ.
Ямар ч амьтан өөрийгөө хамгаалах төрөлх араншинтай. Тиймээс зарим тохиолдолд эмэгтэйчүүд ийм эрчүүдээс салж явдаг. Харин амьдралаас ашиг хонжоо олж чаддаг, эрүүл бус үзэлтэй хүүхнүүд тэдэнтэй үлддэг байна.
Нөхөр нь мөнгө авчирдаг, архи уудаггүй гэх ч юм уу. Тэр гэр бүлээ тэжээж байна. Зун би хүүтэйгээ хамт далайн эрэг эсвэл хилийн чанадад явж амарна гэх мэт. Өөрөөр хэлбэл эхнэр нь иймэрхүү эерэг талуудыг олж, эдгээр нь бүхэлдээ түүнтэй эвлэрэх нөхцөл болдог.
Энэ бонус эерэг талуудаас нь тэс өөр ч байж болно. Бусдаар өрөвдүүлсэндээ дасаж, энэ нь нэгэн төрлийн өвөрмөц хар тамхи болж мэднэ. Бас зарим эмэгтэй найз хүүхнүүдээсээ эсвэл нөхрөөсөө ээлжит сэтгэл засал авахын тулд зориуд өдөөн хатгаж, хатуу ширүүн хандахад хүргэх нь ч бий. Буруутайгаа мэдэрсэн эрэгтэй хүн уучлуулахын тулд ихийг хийж чадна.
Хүмүүс бодлогогүй бүр тэнэг юм хийдэг. Ихэнхдээ сонирхлоосоо гадуур сэтгэлийн хөдөлгөөний нөлөөн дор гомдсондоо бусдын дургүйг хүргэхийн тулд холыг харалгүй хийсэн тэр юмных нь үр дагавар эрэгтэй, эмэгтэй аль алинд ямар ч ашиггүй байдаг.
Ширүүн ааш дандаа цохилт байдаггүй. Хамгийн энгийн үг, үйлдлийг ч тамлан зовоох зэвсэг болгон хувиргаж болдгийг олон хүн мэднэ. Гэвч эмэгтэйчүүд энэ аргыг эрчүүдээс хавьгүй олон удаа хэрэглэдэг.
Ийм юм хэлснээс цохиод авсан нь дээр байх үе ч бий.
Салалт, аймшигтай сэтгэл гутрал, амиа хорлолт, өвчин, хэрүүл зэрэг нь ихэнхдээ удаан хугацааны сэтгэл зүйн хямрал, дарамтын улмаас үүсдэг. Харин та нөхцөл байдлыг яагаад ч өөрчилж чадахгүй бол биеийн хүчирхийлэл хэрэглэх эсвэл бие биенээ үгээр хөнөөх хэрэггүй юм.
Цанаар гулгах, шүхрээр буух юм бол та хүчтэй түлхэц авч, сэтгэлийн хуримтлагдсан хямралыг тань цэвэрлэнэ.
Өөр бас хамтдаа таваг хагалж болно. Үнэтэй л дээ, мэдээж. Гэхдээ таашаалтай.
Сэтгэл зүйн дарамт нь таагүй зүйл. Стресс нь хэрүүлд хүргэнэ, өвчтой болгоно. Хэрэв стресс байдаггүй бол хичнээн сайхан бэ?
Тайван амгалан, тав тухтай амьдрал. Хүмүүс ингэж бодож болох юм. Гэхдээ амьдрал тийм амар биш.
Уран зөгнөл сайхан л даа. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, төсөөлье л дөө. Буйдан дээр хэвтэж байгаад товчлуур дээр дарахад идэх юм авчирч өгнө. Өөр нэг товч дарахад зурагт асна. Эсвэл өөр юу ч юм болно. Ямар ч стресс байхгүй. Бүх зүйл сайхан байна байх гэж бид төсөөлдөг.
Хүн төрөлхтөн дайн тулаан, өлсгөлөн, эвдрэл сүйрлээс залхаад байна. Хорьдугаар зууны сүүлийн хагаст хүний амьдралыг дээд зэргийн тав тухтай байлгахын тулд Европын соёл иргэншил бүхнийг хийсэн.
Өндөр цалин, нийгмийн хамгаалалт, гайхамшигтай ахуй. Сүүлийн 50 жилд Скандинавын орнууд болон Швейцарт амьдралын түвшний үзүүлэлт хамгийн өндөр болжээ. Гэтэл 2008 онд Финланд, Эстони, Норвеги, Швейцари зэрэг орон амиа хорлогчдын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэх болсон байна. Тэдний 70 хувь нь эрэгтэй.
Амьдралд их хэмжээний эсэргүүцэл хуримтлагдах буюу таны хэдий хэмжээний мөнгө авах ёстой, ямар харилцаатай байх, хэн таныг хайрлах, үнэлэх ёстой, албан тушаал ямархуу байх ёстой гэх мэт зүйлтэй бодит байдал нийцэхгүй бол та хүчтэй хариу үйлдэл үзүүлж, дараа нь энэ сэтгэл санааны хуримтлагдсан зовлон нь “Ингэж амьдарснаас үхсэн нь дээр” гэж бодоход хүргэдэг. Эрчүүд илүү эрс шийдэмгий, уучлах дургүй болохоор эсэргүүцэл нь ч илүү хүчтэй байдаг. Тэгээд архинд орох, өвдөх зэргээр амьдралаас татгалзах нь илүү хурдан явагддаг юм.
Эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хариуцлага үүрдэг. Цаашдаа ч үүрсээр байх биз. Тэд байгалиас заяагдсанаа хэрэгжүүлэх боломжийг гэр бүлд олж авдаг. Хэрэв эмэгтэйчүүд албан тушаал ахиж дэвших юм бол өөрийгөө батлах нэмэлт боломж авч байгаа хэрэг. Иймээс хүүхнүүд гэр бүл, ажил алба, орон гэр зэрэг бүх юм сайхан байхад эрчүүд яагаад дарамтанд ордог юм? Өөр юу хэрэгтэй гэж? хэмээн сул дорой эрчүүдийг ойлгохгүй байх нь олонтой.
Харин бүх юм сайхан байх нь эрчүүдэд таагүй. Тулаан, тэмцэл, ялалт бол тэдний организмын үндсэн хэрэгцээ. Тэмцэл байхгүй үед хүчээ юунд чиглүүлэх вэ?
Байгаль эр хүнийг тодорхой зорилготойгоор бүтээсэн болохоор тэр хоол тэжээл олж, дотны хүмүүсээ хамгаалж чаддаг байх ёстой. Тийм болохоор ихэнх авъяас чадвар нь энэ зорилготой нь холбоотой байдаг.
Гэхдээ энэ бол бүх эрчүүд олз омогтой дайчид гэсэн үг биш. Хэн нэг нь сайн байлддаг байхад, өөр нэг нь наймаа сайн хийнэ. Бас хэн нэг нь шинэ газар эрж олоод эзэмшихээр төрсөн. Багаж зэвсэг, машин техник зохион бүтээнэ. Байшин барилга, зам гүүр барина. Ердийн тайван цагийн амьдралд юунд хэрэгтэйгээ яаж мэдэх вэ?
Хүн өөрөөрөө байж, бүтээлчээр амьдрахад стрессийн нөхцөл байдал зайлшгүй шаардлагатай. Тэнд хүн өөрийгөө нээх, харуулах, нөөц бололцоогоо илрүүлэх, өөрөөрөө байх хэрэгтэй. Энэ бүхэн стрессийн ачаар л боломжтой!
Зөвхөн сэтгэл мэдрэлийн янз бүрийн хямрал төдийгүй техникийн дэвшил болон амьдралд байгаа бусад бүх зүйл стрессийн ач гавъяа. Бидний бахархдаг олон зан чанар стрессийн үр дүнд л бий болсон байдгийг ойлгох хэрэгтэй.
Энэ тухай хүмүүс бүр эртнээс мэддэг байжээ. Оросын их жанжин Македонийн Александр өөрийн армид цэрэг сонгон шалгаруулах тусгай стресс арга хүртэл боловсруулж байсан байна. Тэрээр шинэ цэргүүдийг нэг эгнээнд жагсааж байгаад хүн тус бүрт ойртож очоод байдаг чадлаараа хашгачина. Сэтгэл зүйн ийм стрессийн хариуд хэн нэг нь улайж, өөр нэг нь цайна. Улайсан цэргүүдийг армидаа авч, харин царай нь цайсныг авдаггүй байж. Үүний дүнд Александрын арми ялагдашгүй болсон байдаг.
Хэрэв цэрэг улайвал юу болж байна вэ? Судас нь тэлнэ. Тэгвэл эгзэгтэй нөхцөлд түүний тархи, булчингийн цусан хангамж сайн байх нь. Тэр илүү хурдан шийдвэр гаргана гэсэн үг. Бие нь хүчилтөрөгч, глюкозоор сайн хангагдана. Хэрэв цэрэг цайж байвал үүний эсрэг судас нь нарийсаж, жадаа сайн барьж, зөв шийдвэр гаргах боломжгүй ээ гэсэн үг. Стресс систем бол хором, агшин бүрийд бидний хэвийн амьдрал, үйл ажиллагааг хангаж байдаг систем юм. Сууж байхад маань зүрх цохилно. Амьсгал хэвийн байна. Бид сэтгэн бодно. Стрессийн даавар ч үүнд оролцож байгаа.
Эцэст нь хэлэхэд гагцхүү бид стресс гэдгийг танин мэдэж, зөв удирдаж, түүнд өртсөн нэгнийг ойлгож, улмаар амжилттай байхын тулд өөрийгөө хурцлах зэвсгээр ашиглаж сурах ёстой гэдгийг л мэдэх хэрэгтэй юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!