АмьдралГэр ахуй

Хэрэв та байр түрээслэх гэж байгаа бол гэрээ хийхээсээ өмнө дараах 14 зүйлийг эхлээд сайтар анхаараарай!

Байр түрээслэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Байр түрээслүүлэгч нар элдэв доголдол энэ тэрийг гайхалтай нуун дарагдуулж чадах улсууд. Хэрвээ ямар байр түрээслэхээ мэдэхгүй будилж яваа бол үл хөдлөх хөрөнгийн туршлагатай зуучууд танд тус болно. Энэ удаад түрээслэх гэрээ байгуулахаасаа өмнө анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

                               Хэдэн залгуур байгааг тоолоорой

Гэрт хэдэн залгуур байгааг тоолоорой. Залгуур өрөө болгонд байх ёстой. Байхгүй бол нэг залгуураас уртасгагч татаж өрөөгөөр дүүрэн хөлд тээгэлдэх цахилгааны утастай болох нь. Залгуурууд нь ханандаа гүйцэд суусан эсэх, хүчдэл даах чадвартай эсэхийг ч бас мартаж болохгүй.

                     Интернэт болон кабель байгаа эсэхийг асуугаарай

Одоо цагт интернет, зурагтгүй амьдарна гэж байхгүй. Таны түрээслэхээр сонирхож байгаа байр интернет, кабельтай эсэхийг асуусан нь дээр. Хэрвээ тавигдаагүй бол суурилуулж болох эсэх, хэрвээ суурилуулж болох бол суурилуулсны төлбөрийг түрээсийн мөнгөнөөс хасуулах хүсэлтэй байгаагаа хэлээрэй.

                                  Мөөгөнцөргүй байх ёстой

Мөөгөнцөр – таагүй зүйлсийн нэг. Муухай үнэртэнэ, эвгүй харагдана, тэгээд ч тэр бүр амар арилахгүй. Мөн эрүүл мэндэд хортой гэдгийг нь та эрхбиш мэдэж байгаа болов уу. Ялангуяа настай хүмүүсийн хувьд маш хортой. Түрээслэх гэж байгаа байр тань мөөгөнцөртэй эсэхийг заавал шалгаж үзнэ. Мөөгөнцөр нь угаалгын өрөө, гал тогооны цонхны тавцангийн доогуур элбэг үүсдэг.

                                     Тоолуурын ажиллагаа

Байраа түрээслэх гэж байгаа түрээслүүлэгч нар нийтийн талбайн хэрэглээний зардлыг түрээсийн мөнгөн дээрээ нэмж тооцдог. Тэгэхээр та хүний өмнөөс илүү мөнгө төлж байна гэсэн үг. Энэ тохиолдолд та гэр дотроо суурилуулсан тоолууртай байр сонгохыг хичээгээрэй. Ингэж байж өөрийнхөө хэрэглэсэн мөнгийг л төлөх болно.

                                          Машины зогсоол

Хэрвээ та хөл дүүжлэх унаатай бол зогсоол шаардлагатай болно. Түрээсийн байр нь өөрийн зогсоолтой эсэхийг шалга, асуу. Хэрвээ байхгүй бол ойр орчмоор нь явж хаана машинаа тавьж болохыг судалсан нь дээр. Төлбөртэй зогсоол эсвэл цонхоор харагдах нийтийн үнэгүй зогсоол байна уу?

                                           Цонхоор нь хар

Сайхан харагдах албагүй. Таны цонхонд гаднаас гэрэл нь тусах гэрэлтүүлэгтэй байр байна уу үгүй юу гэдгийг л хар. Хэрвээ үл тоомсорловол шөнө цонхоор тусах неон гэрлүүд таныг нойргүй хонуулахад хүргэнэ. Мөн хөдөлгөөн ихтэй зам, цэнгээний газрууд гээд ойр орчныг нь ч анхаарах хэрэгтэй.

               Байранд амьтан амьдарч байсан эсэхийг нь асуугаарай.

Амьтны харшилтай хүмүүст анхаарах асуудал. Өрөөнд дэлгэсэн хивс эсвэл плинтусын ард үлдсэн муурны өчүүхэн ч гэсэн үс таны харшлыг хөдөлгөж болно.

                      Цонх нь нээгдэж, хаалга нь хаагддаг байх ёстой

Байрны цонх, хаалга нь чөлөөтэй хаагдаж, нээгдэж байгааг заавал шалгаарай. Хагас дутуу хаагддаг цонхноос болж та эд хөрөнгөндөө байнга санаа зовохыг хүсэхгүй л байгаа биз дээ? Хэрвээ цонх нь нээгдэхгүй байвал тасалгааны агаарыг солих боломжгүй болохыг анхаарна уу.

                  Түрээсийн байранд үлдэх эд хөрөнгийг асуугаарай

Хэрвээ таны түрээслэх гэж байгаа байр тавилгатай бол эд хөрөнгийн төрх байдлыг гэрээндээ сайтар тусгаж өгөөрэй. Хэрвээ ямар нэгэн доголдолтой бол гэрээнд шууд дурьдана. Эс бөгөөс түрээсийн хугацаа дуусахад өмчлөгч таныг эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгт буруутгах вий.

                               Байраа зарах эсэхийг асуугаарай

Байрны өмчлөгч байраа зарах зар тавьсан байгаагаа тэр болгон хэлдэггүй. Хэрвээ худалдан авагч гараад ирвэл түрээслэгчээ гаргахаас өөр аргагүй болно. Тийм учраас гэрээндээ хугацаанаас нь өмнө түрээсийн байрнаас өмчлөгчийн санаачлагаар гаргах бол барьцаа төлбөрөө бүгдийг буцаан авна гэсэн заалт оруулахыг зөвлөж байна. Өөртөө энэ мэт гэнэтийн бэлэг бэлдэхгүйн тулд зарах бодолгүй байгаа байрыг сонгоорой.

                              Ямар нэгэн зүйл эвдэрвэл яах вэ?

Таниас шалтгаалалгүйгээр эвдэрсэн зүйлийг засварлах төлбөрийг хэн хариуцахыг гэрээндээ тусга. Байрны эзэн төлөх үү эсвэл түрээсийн сарын төлбөр дээр нэмж тооцох уу? Хэрвээ байрны эзэн нь засвар хийхээр шийдсэн бол таниас ямар ч төлбөр гарах ёсгүй.

                              Байнгын шалгалт хийх үү?

Байрны эзэн байраа шалгахаар хэзээ ирэхийг нь асуугаарай. Өөрийнхөө байрыг ямаршуухан байдалтай байгаад эзэн хүн санаа тавих нь зүйн хэрэг. Гэхдээ зарим нэг түрээслүүлэгч нар хувь хүний орон зайг даван гарах нь бий. Энэ тохиолдолд байрны эзэнтэй хэзээ ирж байхыг нь урьдчилан тохирохыг хүсээрэй, сард нэг удаа тогтсон цагт. Энэ боломжийг ашиглан түрээсийн мөнгөө төлж байхаар зохицуулж ч болно.

                               “Шуналын хязгаар”-ыг тогтоо

Гэрээндээ түрээсийн төлбөрийг хэдэн удаа, хэр хэмжээгээр нэмж болохыг шууд тусгана. Хэрвээ байрны эзэн энэ заалтыг тусгахыг хүсэхгүй байгаа бол өөрийн хүссэн тоог нэг өдөр хэлээд л ороод ирнэ шүү. Харин танд тийм тооцоо байгаагүй шүү дээ?

                                      Ариун цэврийг шалга

Цэвэрлээгүй байр үзүүлж байгаа бол гэрээ байгуулах гэж яарсны хэрэггүй. Юуны түрүүнд байраа цэвэрлэхийг хүсээрэй, эзэн нь хөдлөх шинжгүй түрээслэх хүсэлтэй хүн зөндөө байгаа гэсэн тайлбар хэлэх биз. Зөвхөн бохир заваанаас болж та уг байрыг түрээслэх эсэхдээ эргэлзэж байвал – татгалзах хариу хэлэхээ түр азна. Байрыг дахин сайтар үзэж өөрөө цэвэрлэж цэвэрхэн болгож болох эсэхийг нь үзээрэй.

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!