Амьдрал

Хүүхдийнхээ мэргэжил сонголтод эцэг эхчүүд ямар байр сууринаас хандах вэ?

Эцэг эх бүхэн хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжил, санхүүгийн аюулгүй байдлыг хангахын төлөө цаг үргэлж санаа тавьсаар байдаг. Удахгүй таны хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсч, амьдралын чухал сонголтын нэг мэргэжил сонголтоо хийх гэж байна уу? Ямар байр сууринаас хандахаа мэдэхгүй үл ойлголцол үүсэх төлөвтэй бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

Таны үйлдэл, туршлага, биеэ авч яваа бүхэн хүүхдийн тань:

Хүмүүжил , төлөвшил
Итгэл үнэмшил
Үлгэр дууриалал
Хандлага
Амьдралыг үзэх үзэлд нь их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Таны хүүхэд таны тусгал.Та хүүхдийнхээ амьдралд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Хүүхэдтэйгээ нээлттэй харилцаатай байх
Хамгийн сайн үлгэр дууриалал нь байх (нийгэм, хувь хүн, мэргэжлийнхээ хувьд)
Таны амьдралдаа баримтлах зарчим, хандлага, үзэл бодол, үнэлэмж
Хүүхдийнхээ боловсрол, ажил мэргэжил зэрэгт эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг аж.
Эерэг гэдэгт шүүмжлэлт сэтгэлгээгүй, хүүхдийнхээ ярьж хүсч байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч дэмжихийг хэлэх бол сөргөөр гэдэгт өөрийн үзэл бодлоо тулгах, бусадтай харьцуулах, хүсэл сонирхлыг нь үл хайхрах зэрэг үйлдлүүд багтдаг. Мэргэжил сонголтод таны оролцоо нэн чухал. Тэгвэл хэрхэн мэргэжил сонголтод нь эерэгээр нөлөөлж болох вэ?

Хүүхдийнхээ мэргэжил сонголтод та хэрхэн нөлөөлж чадах вэ?

Шийдвэр гаргахад нь дэмжиж оролцох
Хүүхдийнхээ шийдвэрийг хүндлэх
Тулган шаардахгүй байх
Хүүхдэдээ чадвараа олж илрүүлэх эрх чөлөө, цаг хугацааг өгөх
Хүсэл сонирхлоо олсон үед нь хөгжүүлэх, зорилгодоо хүрэх сэдэл өгөх
Амжилт бүтэлгүйтлийн алинд ч хоосон магтаалаас илүү урам өгөх
Хариуцлагатай хандлага төлөвшлийг олгох
Шүүмжлэлээ урьтал болголгүй өөртөө итгэх итгэлийг өгөх
Үлгэр дууриаллыг үргэлж таниас авдгийг санаж, алдаа дутагдлыг зөвшөөрч, өөрийн туршлагыг ярьж, нээлттэй харилцаарай.
Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг эхлээд асуу
Таны хүүхэд ирээдүйгээ хэрхэн харж, төсөөлж байгаа талаар нээлттэй ярилцаарай. Хүн бүрийн авъяас, ур чадвар харилцан адилгүй. Түүний хүсэл сонирхол хаашаа ч чиглэсэн бай таны шаардлагад үл нийцсэн ч бай энэ л үед хүүхдийнхээ хамгийн сайн сонсогч нь байх хэрэгтэй. Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдээ өөрийнх нь алдааг битгий давтаасай гэж хүсдэгээсээ болж өөрийн хүсэл, шаардлагыг тулгаснаар өөрсдөө алдаж эхэлдэг. Хүүхдийнхээ сонирхлыг нэгт тавьснаар их сургуульдаа амжилттай оюутан байх эхний алхам юм. Шүүмжлэлгүй ярилцсанаар хүүхдийнхээ давуу тал, өрсөлдөх чадварыг өөрсдөдөө нээх боломжийг олгоорой.

Хүүхдийнхээ авьяас, ур чадварт суурилан зөвлөөрэй

Өөрийн хийхийг хүссэн зүйлээ, бүтээж чадах ур чадвартайгаа уялдуулан мэргэжлээ сонгосон хүүхэд илүү амжилттай суралцаж, амжилттай төгсдөг байна. Ур чадварт авьяасаас гадна зөөлөн гэгддэг уян хатан зохицох, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх зэрэг чадварууд багтдаг бол орчин үед IQ өндөртэй гэхээсээ EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүмүүс илүү өндөр амжилтанд хүрдгийг 1995 онд Даниел Големан гарган ирснээр хаана ч яригдах болсон. Тиймээс ур чадвар, сэтгэл хөдлөлийн хэв шинжээ тодорхойлуулан, зан төлөвт нь ямар мэргэжил тохирох талаар хамтдаа судлаарай. Зан төлөв, хэв шинж, ур чадвараа тодорхойлоход төвөгтэй бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандан, тест бөглөх үйлчилгээг давхар судалж болох юм.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан зөвлөх

Дэлхий дахин техник технологийн хөгжлөөр хурдацтай хөгжиж байгаа энэ цагт өнөөдөр сонгосон мэргэжил ойрын хэдэн жилдээ эрэлттэй байж, хэдэн жилийн дараа устахыг хэлж мэдэхэд хэцүү болсон цаг. Хиймэл оюун ухаан энэ эрчээрээ хурдацтай өсвөл үйлдвэрлэлийн процесст хүний гар хүрэх шаардлагагүй бол робот орлож, зарим мэргэжлүүд устах нь тодорхой болсон. Харин эсрэгээрээ дэлхий дахинаа сувилахуй, эмнэлгийн ажилтан, үйлчилгээ, мэдээллийн технологийн салбарт мэргэжилтнүүдийн ач холбогдол өндөр байна. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дагахаас гадна тэтгэлэгт хамрагдах боломж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нь хамтдаа судалж, эцсийн шийдвэрийг хүүхдийнхээ сонголтоор хийлгээрэй. Сонирхсон ажил мэргэжилтэй нь холбоотой мэргэжилтнүүдтэй уулзуулахад эргэлзээг арилгаж, хүсэл эрмэлзлийг нь өдөөж өгдөг байна. Судалгаагаар ажил мэргэжлээ сонгоход эцэг эхийн оролцоо, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь хүүхдийг өөртөө итгэлтэй, ирээдүйд хэзээ ч орхихгүй ажил мэргэжлээ амжилттай сонгосныг харж болох юм.

Тиймээс хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод эцэг эхчүүдийн ХИЙЖ болох мөн ХИЙЖ БОЛОХГҮЙ зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

ХИЙ:

Хүүхдийнхээ давуу болон сул, ур чадварыг нь хамтдаа үнэл
Өөрийн хүсэл тэмүүллийг олж илрүүлэхэд нь туслаарай
Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд сэдэлжүүл
Хүүхдэдээ ажил мэргэжлийн талаар мэдээллээр хангах
Сонирхож буй мэргэжлээр нь төгссөн, ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй холбоо тогтоон хамтдаа уулзах
Хүүхдийнхээ итгэлийг олж, асуулт асуух бүрт нь урамшуул
Шаардлагатай бол хамтдаа мэргэжлийн сэтгэл зүйчид хандах
Тэднээр бахархаж байгаа үргэлж хэлж урамшуул. Ялангуяа юу хийснээр нь бахархаж байгаагаа хэлбэл жинхэнэ урам болж чадна.

БҮҮ ХИЙ:

Хүүхэд тань ямар ч шийдвэр гаргасан бүү зэмлэ, зөв шийдвэр гаргахад нь чиглүүлээрэй
Хүүхдэдээ өөрийн хүслээс үүдэлтэй бодит бус хүлээлт бүү үүсгэ.
Хүүхэдтэйгээ харьцахдаа тэвчээргүй хандаж болохгүй
Ажил мэргэжил бүхэн цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгддөг. “Бидний үед ийм байгаагүй” гэж бүү тулгаарай.
Мэргэжил сонголтын тал дээр цаг зав гаргаад судлаад мэдэх зүйл дээр мэдэхгүй гэж хариулж урмыг нь бүү хугалаарай
Мэргэжил сонголтоо хийхэд нь хэн нэгэн найз нөхөд, хамаатан садан сонголтод нь нөлөөлөхөөс зайлсхийгээрэй. Эцсийн сонголт хүүхдийн тань дур сонирхол байх ёстой.

ШИЙДЭЛ

Мэргэжил сонгоход эцэг эхийн үүрэг, оролцоо нь чухал болохыг бид мэдэж авлаа. Хүүхдүүд эцэг эхдээ өөрийн сонирхол, хүслээ ойлгуулмаар байвч эцэг эх нь энэ хэрэгцээг нь ойлгож чадахгүй бол хоорондын үл ойлголцол улам бүр нэмэгдсээр байдаг. Хүүхдээ өөрийгөө илэрхийлэх, тэднийг тэвчээртэй сонсохыг өдөөх уур амьсгалыг бүрдүүлэх нь энэ асуудлыг шийдвэрлэх түлхүүр юм. Хүүхэд тань буруу сонголт хийх, магадгүй алдаа гаргахад та уурлахаас илүүтэй тэдэнтэй тэвчээртэй, нээлттэй ярилцах нь таны үүрэг, оролцоо болж чадах юм. Хүүхдийнхээ хүсэл сонирхол цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгааг мэдэрч, тэдний сонирхолд нийцэх ажил мэргэжлийн сонголтыг санал болгоорой.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!