Амьдрал

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг хэрхэн унших вэ мэдээд аваарай

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь бөөр, шээсний замын эмгэгийг илрүүлэх зорилгоор хийгддэг хамгийн түгээмэл шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр ялгаруулах эрхтэн тогтолцооны физиологи болон анатомийн эмгэгийн үед өвчний процессийг илрүүлэх боломжтой.

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 600-2000 мл шээсийг ялгаруулдаг ба шөнөдөө 400 мл-ээс ихгүй хэмжээгээр ялгаруулна. Бага насны хүүхдийн шээс ялгаруулах байдал нь насанд хүрэгчидтэй харьцуулахад их буюу биеийн жингийн кг тутамд ойролцоогоор 3-4 дахин их байна.

Шинжилгээний үзүүлэлтүүд:

Өнгө: Хэвийн нөхцөлд хүний шээс цайвар шар /сүрлэн шар/ эсвэл өтгөн шар өнгөтэй байж болдог. Шээсний шар өнгө нь урохром гэх пигментээс хамааралтай ба үүний ялгаралт нь бодисын солилцооны тэнцвэрт байдлаас хамаардаг. Урохром нь халууралт, бамбайн хордлого болон өлсгөлөнгийн үед ихэсдэг

Хувийн жин: Нэрмэл устай, шээсний бүрдлийн хэсгүүдийн тоо болон хэмжээг харьцуулсан жин юм. Хувийн жин нь насанд хүрэгчидэд 1,015-1,025 хэмжээтэй байх ба чихрийн шижингийн үед шээсний хувийн жин 1,001 болон буурна.

Шээсний pн: 4,6-8 хооронд байдаг.

Уураг: Эрүүл хүний шээсэнд уураг ул мөр төдий буюу 0,033г/л –с бага хэмжээтэй байх ба энэ нь шинжилгээгээр илэрдэггүй.

Креатинин: Хэвийн нөхцөлд хоногт шээсээр 0,6-2,0 гр креатинин ялгарч байдаг. Креатинин их хэмжээгээр шээсээр ялгарах нь бөөр шээсний замын эмгэг, булчин задралын эмгэгийн үед ажиглагддаг.

Сахар: Эрүүл хүний шээсэнд сахар илрэх ёсгүй байдаг. Сахар илрэх нь бөөрний сувганцрын эргэн шимэгдэх үйл явцын алдаа болон чихрийн шижин өвчинтэй хүмүүст ажиглагддаг.

Кетон: Их өлсөх, улаан хоолой нарийсах, удаан хугацаагаар бөөлжих, халуурах, ходоодны хавдар, эклампси өвчний үед кетонури илэрдэг.

Билирубин: Элэг цөсний эмгэгийг оношлох зорилготой эрүүл хүний шээсэнд илэрдэггүй

Уробилиноген: Бөөрний өвчний үед уробилиноген цусанд хуримтлагдан шээсээр их хэмжээгээр ялгардаг. Уробилиногенгүй билирубин илрэх нь цөсний бөглөрлийн хам шинжийг харуулдаг.

Нитрит: Шээсний замын өвчин үүсгэгч грамм сөрөг бактериуд нь нитратийг нитрит болгон хувиргадаг. Хэрвээ нитритийн шинжилгээ эерэг гарвал цаашид нян өсгөвөрлөх шинжилгээг хийнэ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!