Спорт

Хөгжлийн бэрхшээлтэй бол боломжгүй гэгдэж байсан олон зүйлийг болгож чадсан юм

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хөлгүй, эсвэл гаргүй хүмүүсийг бус, харин хөгжих аргаа олоогүй хүнийг л хэлдэг. Тэрээр төрөлхийн хөлгүй. Гоолиг 2 хөл нь хоёулаа хиймэл.
– Төрөхдөө л хөлөнд минь зарим яс дутуу байсан гэсэн. Тэгээд 1 настайдаа өвдөгнөөс доошхоо тайруулсан юм хэмээн Aimee Mullins хүүрнэнэ. Эцэг эх нь эмчтэй зөвлөсний үндсэн дээр бага дээр нь хөлий нь тайрчээ. Ирээдүйн амьдралдаа эртнээс дасаг гэж. Үр дүнд нь Aimee-гийн хувьд алхах гишгэх гэдэг огтоос хэвийн явдал болж өсөв.Энэ нь түүний хожмын тамирчин болох замыг нь засч өгчээ. Гэвч түүнийг хожмын жүжигчин, бүр загвар өмсөгч болно гэж өөрөө ч, ер хэн ч төсөөлөөгүй бизээ.
Aimee ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛ БОЛОМЖГҮЙ гэгдэж байсан олон зүйлийг болгож чадсан юм. Олон том сэтгүүлийн нүүрийг чимж, дизайнер найруулагч нарын урилга заллаганд дарагдан Америк Европыг хөндлөн холхисон бүтээлч амьдралаар амьдарч байна.
Угийн хөдөлгөөнтэй сэргэлэн Aimee хүүхэд байхаасаа л спортод дуртай нэгэн байв. 5 жил софтбол тоглосоны дараагаар, цанаар гулгаж, 5 ч алтан медал цуглуулсан гэдэг. Пара олимпод хөнгөн атлеткаар орсон нь, түүний 19 настайдаа эхлүүлсэн спорт байв. Тэрээр анхныхаа том тэмцээнд шууд л улсынхаа дээд амжилтыг 0.03 секундээр шинэчлэн түрүүлжээ.
Ингээд Жоржтауны их сургуулийн эмэгтэй хөнгөн атлетикийн ангид элсэн орж, өөртөө паралимпын шигшээд шалгарах зорилго тавив. Амжилтаа ахиулсаар Паралимпын шигшээд шалгарч чаджээ (100 метрийн гүйлт болон уртын харайлтын төрлөөр). Гэвч паралимпын төвшин дэндүү өндөр байлаа. Хагас шигшээгийн дүн л гэхэд Aimee бусдаас 3 секунд удаан байв. Америктаа үргэлж л номер нэг явсансан.
– Хамгийн сүүлийн байранд орсоноо л санаж байна. Шарандаа, бачуурсандаа, ичсэндээ…, нулимсандаа живчихсэн юм шиг л… Тэрээр бүрэн уймарчээ.
Харин хувь заяаны хүрд түүнийг огтхон ч гээлгүй, дараагийн адал явдлыг түүнд бэлдсэн байлаа. Пара олимпод амжилт үзүүлээгүй ч ТЕД-д тавьсан илтгэлийнх нь үед гоо сайхны ертөнцөд урин залах учиртай Chi Perlman түүнийг харжээ. Тэрээр Aimee-гийн илэн далангүй, чөлөөтэй, сул талаа нуугаагүй байгаллаг төрхийг хараад бараг л ховсдуулсан бололтой.
Aimee-г улам илүү мэдэхийг хүссэн Perlman, өөрөө редактор хийдэг загварын сэтгүүл болох I.D.-гийн нүүрэн дээр Aimee-гийн зургийг тавьж, тэргүүн нийтлэлээ Aimee-гээр дүүргэжээ. Тэгээд тийнхүү дэлхий Aimee-г мэддэг болов. Түүний гоо үзэсгэлэн бас урагшаа тэмүүлсэн дайчин амьдралыг нь.
Жилийн дараа Alexander McQUEEN-ий загварын шоунд уригдсанаар, Aimee эгшин зуур модел болох зам нь эхэлжээ.
Хоёр хөлгүй хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж нийгмээс нүд үзүүрлэгдэх явдал Aimee-д мэдээж цөөнгүй байлаа.
– Хэрвээ 15 настай надад хандаж ХИЙМЭЛ ХӨЛӨӨ ЖИНХЭНЭ ХӨЛӨӨР СОЛИХ УУ? гэж асуусан бол би уухайн тас зөвшөөрөх байсан биз. Харин одоо бол өөр өө. Хэрвээ хиймэл хөлгүйсэн бол миний амьдрал тэс өөр байх байсан биз.
– Миний бодол ингэтэл өөрчлөгдсөн нь, миний ирээдүйн боломжийг үгүйсгэгчидээс илүүтэй, дэмжин туслагчдын тоо нь хавьгүй олон байсных гэж Aimee хэлнэ.
Бэрхшээл гэж юу вэ гэхэд Бэрхшээл гэдэг чинь амьдралд зайлшгүй байх ёстой зүйл шүү дээ. Амьдралд бэрхшээл тохиолддог бус, бэрхшээл гэдэг чинь өөрөө амьдралын нэг хэсэг юм. Тэгтэл томчууд үргэлж хүүхдүүдээ бэрхшээлээс тойруулахыг хичээдэг. Чухал нь юу вэ гэвэл, бэрхшээлтэй нүүр тулахгүй байх бус, харин хэрхэн бэрхшээлтэй дасан зохицох вэ гэдэгт байгаа юм. Тиймээс томчууд бид хүүхдүүдийг бэрхшээлээс холуур байлгахыг хичээх биш, харин тэднийг ирээдүйд учирч мэдэх бэрхшээлд бэлдэж өгөх хэрэгтэй юм гэжээ.

Эх сурвалж: Сонирхолтой, Сургамжит, бодит түүхүүд

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!