Хайр дурлал

Миний хайр – Миний эр хvн

Түүнийг хараад догдолж , сандарч, хайрлаж, байж болох сайхан гэж нэрлэгдэх бүх л зүйлийг мэдэрч байв. Харц нь нэг л өөр, үнсэх нь хүртэл хайрлагдах, халамжлуулах мэдрэмжийг төрүүлдэг байлаа. Бие биедээ гомдсон ч эргээд очих орон зайтай байлаа.

Хажууд байхад нь би хорвоогийн хамгийн жаргалтай хүн болж, аз жаргалаар дүүрэн байв. Гэхдээ одоо энэ байгаа орон зайд тэр зүйлүүдийн аль нэг нь байна уу? Хаана байна? Тэр мэдрэмж, тэр аз жаргал, хайр дүүрэн харц, дурсамж хааччихав аа? Зүгээр л хэнд ч хэрэггүй хог болчихов уу? Өөр орон дээр хэвтэж, хоорондоо дуугарахгүй, харьцахгүй байх болов. Яагаад ийм болчихов оо? Ойлгохгүй байна, ойлгохыг ч хүсэхгүй байна. Зүгээр л бүх зүйл анхных шигээ байгаасай гэж хүсэж байна. Тэр миний бүх зүйл байхад… Зүгээр л одоо энэ бүхэн хэн хэнийх нь хувьд утгагүй санагдаж, бие биенээ харахаар зараа харсан юм шиг болж, өө хайж, хэрэлдэх шалтаг хайж, анх яагаад хайрлаж байснаа, хэрхэн хайрлаж байснаа мартаж, зүгээр л хог болчихож.

Хайр ингээд алга болчихдог гэж үү? Энэ бүхэн эргээд сэргэх болов уу? Эсвэл хэн нэг нь сэргээхийг хүсэхгүй байна уу? Нэг мөсөн дуусгахыг хүсээд байна уу? Хосууд салахад хайр нь хаачдаг юм бол?

Энэ хэсгийг өнөөдрөөс бараг 20 хоногийн өмнө түүнтэйгээ муудалцчихаад зөөврийн компьютер дээрээ бичиж хадгалаад уншихыг нь хүлээж билээ. Бид хоёулаа айлын бага учраас муудалцаж бие биедээ тунирхах нь олон. Гэхдээ л бие биенээ гэсэн хайр нь сэтгэлд нь оршин тогтнодог болхоор өдий хүртэл хамт байгаа хэрэг биз. Энэ бичсэн зүйлсээсээ ургуулан хол байгаа түүндээ ойн баярын мэнд хүргэн, захидал бичээд сууж байх юм гэж тэр үедээ бодоогүй ч ядаж ганц удаа ч болов мөнгөөр авсан эд зүйлсээр биш сэтгэлийнхээ үгсээр түүнийгээ баярлуулахыг хүслээ. Бид яг өнөөдөр үерхэж эхлээд хоёр жилийн нүүрийг үзэж байна. Хамт амьдраад жил шахуу болж байна.

Багын бүрэг зожигдуу өссөн, гарын таван хуруунд багтахаар цөөхөн хэдэн найзтай миний амьдралд нээлттэй, найзын хүрээлэл томтой энэ залуу асар том өөрчлөлт оруулсан дөрөвдүгээр сарын тэр нэгэн өдрийг би хэзээ ч мартахгүй. Ирээдүйд хамт амьдарч, хэвлийгээс минь мэндлэх хүүхдүүдийн минь эцэг болох хүн гэж эхэндээ бодоогүй ч, энэ өдрөөс хойш цаг хугацаа өнгөрөх тусам дасан дурлаж, түүнгүйгээр байх амьдрал төсөөлөгдөхгүй мэт санагдаж, хором мөч бүхнийг түүнтэй хамт төсөөлж, аав ахаасаа мэдэрч байгаагүй тэр эр хүний хайр гэдэг зүйл, үнэнч байх, эр хүний хувьд цор ганц нь байхын утга учир гэх зэрэг хэн нэгэн надад зааж зөвлөөгүй зүйлсийг бага багаар ойлгож эхэлж билээ.

Анх танилцаад бусад залуус шиг байн байн залгаж, мээсэж бичихгүй зүгээр л өөрийнхөө хүссэн үед цөөхөн хэдхэн үг бичээд, сайхан амраарай гээд унтчихдаг залуутай учраад ямар тэнэг шазруун залуу вэ гэж бодож байлаа. “Охин хүүхэд байж нимгэхэн хувцас өмсчихөөд гадаа зогсоод байхаар чинь санаа зовоод гараад ирлээ” гээд өөрийнхөө идэж байсан шоколадаа надад үлдээгээд, цүнхнээсээ цамц гаргаж ирсэн тэр залууд хэнээс ч илүү хайр хүрч, дурлаж билээ. Одоо хүртэл саяхан болсон юм шиг тодоос тод санагддаг тэр хайр хүгэм залуугийн хайр хүргэм үйлдлүүд…

Хааяа жоохон хүүхэд шиг эрхэлж, хамтдаа тоглож, ноцолдож, халаасанд байгаа бүх мөнгөөрөө надад л гэж идэхийг хүссэн амттан болгоныг минь авчирч өгч, бие өвдөөд гэхээр хийж байсан бүх зүйлсээ хаяад эдгээж чадахгүй ч дэргэд минь байх гээд ирдэг тэр залуу…

Өөрийг нь шүүмжлэхэд дотроо бодож тунгаагаад аажим аажмаар засаж залруулахыг хичээдэг тийм залуу. Ээжтэйгээ илүү дотно байсан болохоор гэр орон, ойр зуурын ажилд надаас илүү. Зарим тохиолдолд эмэгтэй хүний зан аашийн хэсгээс харагдах ч анд явж, морь гэхээр ухаанаа алдаж, орчин тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлж, ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө аз жаргалтайгаар хичээж яваа мундаг залуу. Муудалцах болгондоо хашгичиж, хамаг чадлаараа цохиж, уурлах хэрэггүй дэмий зүйлс дээр уурлаж, шарандаа уйлдаг энэ их сэтгэл хөдлөлийг минь тэсээд эр хүний шазруун зан, айлын бага хүүхдийн шартай зан нь хөдлөж байсан ч надад гар хүрэлгүй шүдээ зуугаад өнгөрдөг, тэр минь жинхэнэ эр хүн.

Аав ээжээсээ илүү эрхэмлэнэ гэж амлаж чадахгүй ч, насан туршдаа хэн хүнээс ч илүү хүндэлж, нандигнаж, хайрлана гэдгээ амлая. Намайг хэн хэнээс ч илүү урамшуулж, хайрлаж хамгаалдаг энэ биений минь нөгөө тал эгэл жирийн монгол эр хүн чамдаа 2 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өөрөөсөө хүртэл харамлан байж үнэрлэн үнсдэг, цаанаа л нэг дулаахан харцаар хараад мишээдэг чамдаа хэнээс ч илүү би хайртай. Цаашдаа олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээж, хамтдаа мөрөөддөг мөрөөдлүүдээ бодит болгож, гэрээрээ дүүрэн хүүхдийн дуу хадааж, цангинасан инээд цацруулж, хэцүү бүхний чинь гарц болж хүсэл мөрөөдлийн чинь жигүүр болж, бие биенээ гэсэн сэтгэлээр сайхан амьдрал бий болгоно оо.

Учир нь одоо бид гал шиг асаж, шувуу шиг нисэх, хорин хэдэн настангууд шүү дээ.

Эх сурвалж: Гоолингоо.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!