Кино ертөнц

Шинжлэх ухааны уран зөгнөлт төрөлд хамаарах xxi зууны шилдэг 25 кино (№1)

Шилдэг хүүрнэл, гайхалтай дүрслэл бүхий 21-р зууны шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдийг Rolling Stone-ий түүвэрлэснээр хүргэж байна. (Энэхүү жагсаалт нь аливаа эрэмбэгүй болно.)

#1 ‘Children of Men’ (2006)

Үр удмаа үлдээх чадваргүй болсон хүн төрөлхтний ирээдүйг өгүүлнэ. Найруулагч Альфонсо Куароны сэтгэл түгшээм, гэнэтийн, түгшээм түүх.

#2 ‘Ex Machina’ (2014)

Оскарын кино наадмын Шилдэг визуал эффект төрөлд тэргүүлсэн уран бүтээл. Ухаалаг төхөөрөмж, шинжлэх ухааны хэт хөгжил хүмүүст амар хялбар, сайн сайхан амьдралыг авчрах болов уу? Эсвэл…

#3 ‘Under the Skin’ (2013)

Дэлхий дээр буусан харь биет халуухан эмэгтэйн биед орон бидний дунд амьдарч байна гээд та төсөөлдөө? Скарлетт Йоханссоны өөгүй жүжиглэлтээс гадна Европын Шилдэг дууны найруулгын шагнал хүртсэн киноны дуу хөгжмийг онцлууштай.

#4 ‘Arrival’ (2016)

Харь биетүүд… Тэд найз нөхөд үү, өшөөтөн дайснууд уу? Ер нь хүн төрөлхтөн өөрсдөө харь биетэн биш гэж үү?

#5 ‘Inception’ (2010)

Найруулагч Кристофер Ноланы хамгийн их хөрөнгөөр, хамгийн том төслийн дагуу, ер нь л хамгийн хамгийн бүхнээр бүтээгдсэн уран бүтээл. Ухамсар оюун ухаан, үйл хөдлөл, цаг хугацаа гээд өндөр төвшинд таныг аваачих болно.

#6 ‘Wall-E’ (2008)

2805 он… Сүйрсэн дэлхий, робот, нэг ширхэг амьд ургамал. Үүний цаадах түүхийг бараг л үггүйгээр өгүүлэх гайхалтай өгүүлэмж, дүрслэл.

#7 ‘Gravity’ (2013)

Сансар огторгуйд хаягдсан амьдралын тухай ийм бодитой, ийм төгс дүрсэлсэн бүтээл хараахан үгүй хэмээдэг.

#8 ’28 Days Later…’ (2002)

Илүү уран сайхны талруугаа хэлбийсэн гэмээр уран зөгнөлт энэхүү бүтээлд ухаан санаагаа алдсан зомби хүмүүсийн дунд сэрж буй залуугийн тухай өгүүлнэ.

#9 ‘The Martian’ (2015)

Физик, одон орон, шинжлэх ухааны хичээлдээ анхаарах цаг болжээ. Нэг л өдөр энэ бүхнийг биеэр туулбал хэрхэх билээ?

#10 ‘Star Wars: The Force Awakens’ (2015)

Оддын дайныг үзээгүй хүн байхгүй биз ээ. Гэхдээ энэ ангийг илүү “шинжлэх ухаанч” хэмээн шүүмжлэгчид үнэлсэн байдаг.

#11 ‘Mad Max: Fury Road’ (2015)

Усгүй ирээдүй. Усны төлөөх тулаан. Хүн чанар ба дарангуйлал.

#13 ‘Eternal Sunshine of the Spotless Mind’ (2004)

Ухамсар, сэтгэл зүй, дотоод мэдрэмжийг нэг л өдөр бид өөрсдийн хүслээр устгаж, үгүй хийж, амьдруулж чаддаг болбол яах вэ? Зүрх шархлуулдаг учраас хайрыг ч гэсэн мартах уу?

#14 ‘District 9’ (2009)

Ирээгүй боловч хэзээ нэг цагт ирж мэдэх цаг хугацаа, “Хэрвээ” гэх асуултын хариултууд…

#15  ‘A.I. Artificial Intelligence’ (2001)

Найруулагч Стивен Спилберг энэхүү киногоороо хүн бүхнийг нэг сайхан цочроосон гэхэд хилстэхгүй. Хүүхэд нь алга болсон хос хүүтэйгээ усны дусал мэт ижилхэн роботтой болно. Харин хүү нь нэг л өдөр эргэн ирэхэд робот яах вэ? Тэр хайрлагдах эрхгүй гэж үү?

#16 ‘Serenity’ (2005)

Жагсаалтын энэ хүртэл олигтой уран зөгнөлт зүйл хайсаар залхсан бол энэ кино таны хариулт болно гэдэгт итгээрэй. Сансрын хөлөг, лазер шүршлэг, гараг эрхсийн тулаан.

#17 ‘Looper’ (2012)

Тийм ээ, цаг хугацааны аялал ямагт л сонирхолтой байдаг. Харин найруулагч Риан Жонсоны цаг хугацааны огтлолцол ухаалаг, төгс, өөгүй байх болно.

#18 Tenet (2020)

Кристофер Ноланы шинэхэн уран бүтээлийг үзэж амжаагүй явна уу? Эхлэл хэсгээсээ л толгой эргүүлэм, сэтгэл огшоом, цочирдом үзэгдлүүдээр таныг дутаахгүй.

Спойлер: Цаг хугацааны аялал, гэхдээ арагшаагаа…

#19 Her (2013)

Уран зөгнөлт гэхээсээ илүү уянгын романтик төрөлд ч мөн хамаарах уран тансаг бүтээл. Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр зөвхөн дуу хоолойноос нь л мэдэх хэн нэгэнд дурлах боломжтой болох болов уу?

#20 ‘A Scanner Darkly’ (2006)

Тийм ч холын биш цаг хугацаанд өрнөх хурц, цочроом үйл явдлууд.

#21 ‘Edge of Tomorrow’ (2014)

Харь гарагийнхантай тулалдах цэрэг эр үхэх бүртээ нэг л өдрөө ахин ахин сэрнэ…

#22 ‘The Host’ (2006)

Аварга том мангас гэнэтхэн Хан мөрний эргээс гарч ирнэ. Энэ бүхний дараа гэр бүл, гэр бүлийн эгэл энгийн өдрүүд ямар их аз жаргалтай санагдана гээч?

#23 ‘Midnight Special’ (2016)

Хүн төрөлхтөн хөгжсөөр ирээдүйн хүүхдүүд гайхалтай ур чадвартай төрөх нь энгийн үзэгдэл мэт болох болов уу?

#24 ‘The World’s End’ (2013)

Нэрнээсээ л дэлхийн төгсгөлийг харуулах уран зөгнөлт, аймшгийн кино. Харь биетүүдэд эзлэгдсэн хотын түүх.

#25 ‘Moon’ (2009)

Саран дээр амьдарвал ямар байх тухай та бодож үзсэн үү? Дэлхийгээс л дур булаам харагдах энэхүү өнгөгүй гараг дээр 3 жил амьдарч буй сансрын нисгэгчээс үүнийг асуугаарай.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!