Хонконг залуус хувь төөргөө цахимаар мэргэлүүлэх болжээ
Хонконгчуудын дунд хамгийн өргөн дэлгэрсэн итгэл үнэмшлийн төрлүүд нь буддизм, даосизм, Күнзийн сургаал болон христийн шашин юм. Багаасаа өвөг дээдэс, гэр бүлийнхээ нас барсан гишүүдэд хүндэтгэл үзүүлэн мөргөл үйлддэг байсан Вонг Фуны хэлснээр, хүн сэтгэлээр унаж зовлон зүдгүүртэй нүүр тулсан үедээ итгэл найдвартай болохын тулд ирээдүйн тухай мэдэхийг хүсдэг гэжээ. Энэ утгаараа мэргийг нэг төрлийн сэтгэл засал гэж үзэж болох юм.
Түүхээс үзэхэд МЭӨ 1600-1046 онд одоогийн Хонконг, Тайвань, Хятадын нутаг дахь эртний хаад, ноёд яст мэлхийн ясаар мэргэлүүлдэг байжээ. Мэргэ төлөг нь зоос шидэх, зураас зурах, хүснэгт бөглөх, хүний гарын алга болон царай төрх унших хийгээд хосуудын нийцтэй байдлыг төрсөн өдрөөр нь шинжих зэрэг олон янзаар илэрдэг. Шинэ ажилд орох уу, шинэ байшин авах уу, зүг чиг нь хаагуур бол зүгээр вэ, ингэвэл зөв үү, тэгвэл зүгээр үү? гэсэн эргэлзээн дунд бидний амьдрал өрнөнө. Харин эдгээр шийдвэрийг гаргахдаа өөртөө итгэх үү, өрөөлөөс асуух уу гэдэг тухайн хүний л шийдвэр байдаг.
Хятад улсын хувьд 1966-1976 оны хооронд явагдсан Соёлын хувьсгалын үеэр мэргэ төлөг гэх зүйлийг мухар сүсэг гэж үзэн хориглосон байна. Тухайн үед Мао Зедун мэргэч, төлөгч гэх хүмүүсийг олноор нь хүмүүжүүлэх лагерьт илгээж байжээ. Өдгөө 26 настай Вонг Фун: Эргэн тойронд нэг ч зүйл тодорхой биш байх үед ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй бол мэргэлдэг хүнээс асуучихдаг, ядаж өөрийнхөө дотор ямар нэгэн зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байна гэж ярьжээ.
Эх сурвалж: nbcnews