Амьдрал

Ямар амьтны махыг хэдийд хэрхэн хэрэглэвэл бие махбодод тустай вэ

Амьд бие махбодийн оршин тогтнохын үндэс суурь нь хоол тэжээл. Идээ ундааг зөв хэрэглэвэл бие махбодийг тэжээн төлжүүлэх чухал суурь болдог ч буруу хэрэглэвэл бие махбодид хохирол учруулдаг юм.

Идээ ундаа хэдийгээр амьдрахуйд бие махбодийн шим тэжээл болох боловч хүний биед эс шингэснээс шалтгаалан доторын өвчин үүсгэдэг байна. Иймийн учир идээ ундааны зохист хэрэглээгээр махбодийг зохицуулан тамир тэнхээ төлжүүлдгийг Монгол анагаах ухаанд хамгаас илүү чухалчлан үзнэ. Идээ ундааны туслах ба хорлох ёсыг сайтар мөрдвөл хүний бие махбодийг тэжээн төлжүүлж урт наслуулж, эрүүл саруул амьдруулж чадна.

Монголчууд жилийн аль ч улиралд махан хүнсийг өргөн хэрэглэдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг махан бүтээгдэхүүн бие махбодид ямар нөлөө үзүүлдгийг одоо сонирхцгооё.

Үхрийн мах:

Энэ мах нь тослог, амтлаг сэрүүн чанартай. Биеийг шимжүүлэх, хий хавсарсан халууныг дарах бөгөөд жил өнжөөж хэрэглэвэл хий дарах сайн талтай. Шим тэжээлийн хувьд тэгш чанарын, бүлээн байдаг тул голдуу өвөл хаврын улиралд хэрэглэвэл зохимжтой.

Тэмээний мах:

Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх сайн талтай. Тэмээний махыг сайн хэрэглэвэл цээж дүүрэх өвчинг эмнэдэг. Тэмээний яс шээс хаагдсаныг засна. Ялангуяа хавтгайн тосыг хайлуулаад 50 гр усаар даруулж өлөн элгэн дээрээ уувал настай хүний хөл гарын шөрмөс татдаггүй. Тэмээний өөх өрөөл татах өвчин, хорт хавдар зэрэг өвчнийг засна.

Адууны мах:

Амтлаг халуун болохоор илчийг үүсгэх, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох хатаах зэрэгт сайн байдаг. Адууны мах халуун чанартай учир царцдаггүй. Хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг хүмүүс цусны даралт, хорт хавдар зэрэг өвчинд барагтай бол өртдөггүй.

Тураг гөрөөсний мах:

Олонх нь амтлаг гашуувтар бөгөөд хөнгөн сэрүүн чанартай. Тамирыг тэнцүүлж хавсарсан халууныг арилгадаг. Бугын хосонд өөхийг нь чихэж шарж идэхэд хорт хавдар үе мөч хөшиж өвдөхөөс сэргийлнэ.

Зэрлэг гахайн мах:

Амтлаг, хүнд, тослог тул нойрсуулах алжаал ядаргааг тайлах, хоолонд дурлуулах, дусал хүчийг нэмэх чадалтай хүний биед нэн чухал хэрэгцээтэй амьтан юм. Зэрлэг гахайн цөсийг архиар даруулан уухад шээс хаагдсаныг тавиулна. Мөн цөсний чулууг унагаж, солио өвчнийг эдгээдэг.

Туулайн мах:

Амтлаг гашуун, ширүүн чадалтай энэ мах ходоодны илчлэгийг үүсгэх, хүйтнээр суулгахыг зогсооно. Өндөр настай хүн хэрэглэхэд нэн тохиромжтой. Туулайн мах зvрх, элэг дэлүү, бөөрний өвчнийг анагаах чадалтай.

Тарваганы мах:

Тослог, хүнд, бүлээн чанартай тул “чийгийн өвчин, хүйтэн хий, ходоодны өвчин, бөөрний өвчнүүдийг арилгадаг. Хүний бие махбодид нэн хэрэгтэй бодис агуулна. Тарваганы махны өөх гавлын яс, элэг цөс, шүд, давсаг зэргийг эмнэх эмэнд оруулдаг.

Чонын мах:

Үргэлж идэх амьтны мах биш боловч эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэнэ. Чонын мах хүйтэн хийгээр толгой өвдөхийг намдааж шингээх чадварыг сайжруулан хүч чадварыг сэлбэдэг. Чонын ходоод нь ходоодны хvчил багадсан, хилэн хоолой хавдах, сахуу өвчнийг анагаах чадалтай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!