Эрүүл мэнд

Ковид-19 халдварын дараа малын өөх, цөцгий, шар тос, өрөм зэргийг хязгаарлана

Ковид-19-ийн халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүст дараах хоолны дэглэм барихыг зөвлөж байна. Уг халдварт өвчнөөр өвчилж эдгэрсний дараа эрүүл хооллолт, амьдралын эрүүл зөв хэв маягыг хэвшүүлэх нь зүйтэй. Бие махбодын сэргэх явцыг түргэсгэхийн тулд илчлэг, уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Илчлэг хүнс

Хоосон илчлэг буюу чихэр, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн идэхээс зайлсхийгээрэй. Харин шар будуу, гурвалжин будуу, хөц будаа, бүхэл үрийн гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээс хэрэгцээт илчлэгээ аваарай.

Уураг

Уураг нь эд эсийн нөхөн төлжилт, дархлааны хэвийн үйл ажиллагааг хангах ач холбогдолтой. Мах, сүү, өндөг, самар зэрэг нь уургаар баялаг. Мөн айраг, тараг, хоормог зэрэг исгэлэн цагаан идээ нь гэдэсний ашигтай бактерийн өсөлт, дархлааг дэмждэг тул антибиотик эмчилгээний дараа зайлшгүй хэрэглэх хэрэгтэй юм.

Шингэн зүйл

Өдөрт 8-10 аяга шингэн ууснаар бодисын солилцоог хэвийн явуулах, хордлого тайлах ач холбогдолтой. Кофег өдөрт 2 аягаас илүү уухгүй байх, үйлдвэрийн жимсний шүүс, сироп, хийжүүлсэн ундаа хэрэглэхээс татгалзаарай.

Жимс, хүнсний ногоо

Шинэ жимс, хүнсний ногоо нь эслэг, амин дэм, эрдэс бодис, антиоксидант бодисоор баялаг байпаг. Тиймээс дархлааг дэмжиж, халдварын эсрэг тэмцэхэд тусална. Өдөр бүр 2 ширхэг жимс, 3 аяга ногоо идэхийг зөвлөж байна.

Өөх тос

Цусны холестерийг бууруулах зорилгоор Омега-3, 9 тосны хүчлийг нэмэлтээр хэрэглэнэ. Насанд хүрсэн хүний өдөрт авах тосон хүчлийн хэмжээ 1000мг-аас илүүгүй байдаг. Зохих тунгаар уугаарай. Харин малын өөх, цөцгий, шар тос, өрөм зэргийг хязгаарлана. Транс тос агуулсан шарсан тахиа, хуушуур, пирошки, жигнэмэг, нарийн боов хэрэглэхээс татгалз.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!