Амьдрал

Хөл хорионы үед өөрсдийн сонирхлоо бизнес болгож чадсан гэр бүлийн хосууд

Хөл хорионы үеэр өөрсдийгөө завгүй байлгахын тулд ноосоор тэмээ хийж эхэлсэн багш мэргэжилтэй Ш.Мэндсайхан, Л.Энхцэцэг нарын сонирхол өрхийн үйлдвэрлэл болтлоо дэвшжээ. Бүтээгдэхүүнээ хийхдээ сайхан зүйлийг боддог мөн захиалга өгсөн хүмүүс нь ч ерөөл хэлж авдаг учраас тэдний урласан цагаан тэмээ айл гэрт аз жаргал, эд баялгийг бэлгэдэн дууддаг гэж цагаахнаар ярьж буй эхнэр, нөхөр хоёрыг онцоллоо. Одоо тэдний зорилго нь өөрсдийгөө завгүй байлгах биш Монгол тэмээг дэлхийд сурталчлах болон өөрчлөгджээ.

Л.Энхцэцэг:

Би 148-р сургуульд багш мэргэжлээр ажилладаг. Ингээд анх сургуулиа тохижуулах гэж ноосоор цагаан тэмээ хийснээр одоогийн өрхийн үйлдвэрлэлийнхээ суурийг тавьсан юм. Өөрөө ч гэсэн гар урлалд их сонирхолтой, гарын дүйтэй байсан нь энэ ажлыг эхлүүлэхэд их түлхэц өгсөн гэж боддог. Анх хийсэн бүтээлээ засч янзлахаар гэртээ авчиртал охинд маань их таалагдаж, цахим сүлжээндээ нийтлэснээр хүмүүст танигдаж эхэлсэн.

Сошиал орчинд тавьж эхэлснээр хүмүүс хандаж эхэлсэн үү? Хамгийн анхны бүтээгдэхүүнээ яаж борлуулсан бэ?

Л.Энхцэцэг:

Ангийн найзууд, танилуудаас эхлээд их сонирхож, захиалж болох уу гэсэн саналууд авснаар ажлынхаа гарааг тавьсан. Зөвхөн жижиг хэмжээтэй тэмээ урлахад л өдрийн хугацаа зарцуулдаг. Хэмжээ нь томрох тусам 2-3 өдөр зарцуулах нь ч бий. Хар зургаа гаргах, материалаа сонгох, оёж чимэглэх гээд бүх деталь хэсэгт гар ажиллагаа шаарддаг тул их хугацаа шаардана. Захиалагчид ихэвчлэн 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор захиалгаа өгдөг онцлогтой.

Сонирхож, дурласан зүйлээ хийж түүнийгээ өөрт хэрэгтэй орлого болгоно гэдэг хамгийн аз жаргалтай ажил байх?

Л.Энхцэцэг:

Бүтээлээ урлаж байхдаа их жаргалтай байдаг. Миний хийсэн бүтээлийг авсан айл элбэг хангалуун, амьдрал ахуй нь дээшлээсэй гэж ерөөж хийдэг болохоор их гоё энергийг надад өгдөг.

Нөхөр Ш.Мэндсайхан:

Монголчууд тэмээн жингийн цувааг ихэд бэлэгшээдэг болохоор бүр хол хөдөөнөөс ч захиалга ирдэг. Хамгийн хол нь Хэнтий, Архангайгаас ирж байлаа. Тэмээн жингийн цувааг авч явах нь эр хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг мөн тасралтгүй үргэлжлэх аз жаргалыг бэлгэддэг болохоор хүмүүс авах дуртай байдаг.

Аливаа зүйл шууд томоос эхэлсэн нь тун ховор байдаг. Та хоёрын хувьд өөрсдийн хүсэл, сонирхол дээрээ тулгуурлан эхэлсэн бизнес учраас тэмүүлж байгаа хүсэл олон байгаа байх?

Нөхөр Ш.Мэндсайхан:

Одоогоор өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд үйлдвэрлэл явагдаж байгаа ч цаашдаа судалгаа шинжилгээгээ сайн хийгээд дэлхийн зах зээлд гаргах зорилго, хүсэл тэмүүлэл тээж явдаг даа.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!