Амьдрал

Намайг хуучин Лантуун дохион, Ид шидийн орны Ч.Ганжавхлан л гэдэг байлаа. Гэтэл сүүлийн үед бараг ихэнхи нь Та нөгөө шинэ аав биз дээ

Өвөө нь гадаа машинтай хүлээж бид дөрөв гэртээ очихоор яарна. Тэр нэг жижигхэн эргэлтийн цонхоор бараг айл нүүлгэхнээ бүр, хэзээдээ ийм олон тор новш хураачихав гэмээр … Хэнийхээс хэзээ ирлээ гэмээр олон хоолны сав, цайны халуун сав хөнжил, дэр, угж памперс. Та нарт гэж хэлэхэд хоёр гэдэг бол яг тоон утгаараа, бодит утгаараа ч яг хоёр л байдаг юм байна лээ шүү. Ингээд хоёр бяцхан үр минь Улаанбаатар хотын замын түгжрэлийг анх удаа туулж энхэл донхол болж явсаар гэртээ ирлээ. Аав ээж ахан дүүс маань чамгүй бэлдэж бараг жижигхэн хүлээн авалт маягийн сайхан ширээ хоол унд зассан байлаа.

Эмнэлгийн өрөөнд дасчихсандаа ч тэр үү хоёр өрөө буйдхан байр маань орд харш мэт том зайтай сэлүүхэн санагдав. Одоо тав хүрч байгаа хүү маань хоёр дүүгээ анх хараад яах бол ? гэсэн хүлээлт маш өндөр байсан ч сүрхий илэрхийлсэнгүй. Тэрнээс илүү гайхаж сонирхсон зүйл бол ээжийнх нь аймар том байсан гэдэг гэнэт алга болсон байв.

Ээжийнх нь гэдэс байхгүй болцон байгааз хардаа гэсэн чинь шууд Тэгвэл уралдий гэхшиг. Хөөрхий хөл хорионд дуусашгүй их энергээ гадагшлуулж чадахгүй адгах жаалууд өрөвдөлтэй. Тэрүүгээр нэг сахилгагүйтэж бараг өнөө хоёр турьхан амьтан дээр маань үсэрч наалдах шахаж зүрх амаар гаргав. Үргэлж л айлын ганц байсан хүүхдэд их хүнд тусдаг юм гэсэн тийм учраас өмнөхөөс илүү их анхаарал тавьж хэлж ярихдаа хүртэл Анирын дүү, Анир агаа гэж хамаатуулж ярих хэрэгтэй гэж сонссон ортой байх.

Надад яагаад ч юм нэг тийм онгирч гайхуулах сэтгэл төрөв. Албаар болоогүй байхад тэрүүгээр сүү халааж гүйгээд л, гар луугаа дусааж халуун малууныг нь мэдрээд л, унтжаагаа хүүхдээ хөлийг нь гижигдэж сэрээж угжих гэж оролдож энэ тэр, хүмүүс бараг сайн хүрч чадахгүй байхад урдуур нь орж зорилгоггүй тэвэрч буцааж тавиад даавуу энэ тэрийг задлаж мадлаад л, нүднийхээ булангаар тэд нарын царайг нь унших гэж оролдож энэ тэр, золтой л мань чинь дутуу нярайд сахиур хийгээд гараад ирлээшдээ гэцэнгүй, саяын хэд хоног сурсан эрдэм чадлаа өвөө эмээ тэр хавийн хүмүүст харуулчих санаатай. Миний бодсноор өнөөдүүл ч намайг бага зэрэг үнэлэв.

Гэхдээ тэгээд гэрт хүрээд ирсэн ч эмнэлэгт байсан бүх үйл явц хэвээр үргэлжилсэн бөгөөд, миний нэмэр овоо их байлаа. Усанд орох бүр аймар жаргалтай байв, ороод л баймаар, бараг тэр чигээрээ унтмаар санагдаж энэ тэр. Хайран сайхан эх нялхасын хөлс хирээ хайр найргүй үрж, угааж, урсгав. Бас хоолыг халуун савнаас биш тогооноос аягалах, идэх сайхан байлаа.

Хүн ч тэгээд мартамхай амьтан бас мартдаг учраас амьдардаг юм шиг байгаан. Өнөөдөр огцом нийгмийн амьдралд шунахайран оролцож өглөө гарч баахан ажил төрөл зохицуулан гүйж гүйж гэртээ орж ирээд ширээнийхээ ард нөүтбүкээ дэлгээд суутал угаасаа л амьдрал ингэж үргэлжилж байсан мэт, өчигдөрхөн эх нялхаст өрвийгөөд сууж байгаагүй мэт хол тасарсан байлаа. Ямар азаар яг тэр үед нь бичиж үлдээсэн юм гэж өөртөө баярлав.

Бас яагаад ч юм тэнд байсан ээжүүдэд учиргүй санаа зовов. Гайгүй л байгаа даа … Та бүхэн миний бодит түүхийг дарааллаар уншиж байсан бол эмнэлгээс гараад бичихээ больчихлоо гэж битгий бодоорой. Шинэ аав нь ямар ч нэмэлт хачир, давсгүй юу болж байна тэр чигээр нь бичсээр байх болно. Ер нь бол ялангуяа анхны хүүхэд дээр аавын шок гэж байдаг юм. Эрэгтэй хүүхдүүд, дүү нар цаг заваараа миний энэ юмсыг уншиж л байвал нэг төрлийн сэтгэлзүйн бэлтгэл бол ирээдүйд их шокрохгүй дэмтэй шүү.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!