Шар мэдээ

Нийгмийн даатгалын багц хуулийг баталснаар ямар өөрчлөлт гарах вэ?

Нийгмийн даатгалын багц хуулийг баталснаар ямар өөрчлөлт гарах вэ?
УИХ-ын Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Багц хуулийн төсөлд нийтдээ таван төсөл багтаж байгаа юм.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай гэсэн таван төсөл. Энэхүү таван хуулийн төслийг УИХ удахгүй завсарлах намрын чуулганд багтаан батлахаар төлөвлөжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар хэлэхдээ УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Хуралдах ёстой ажлын 75 хоног нь энэ сарын дундуур дуусна. Тиймээс нэгдүгээр сарын сүүлээр намрын чуулганыг завсарлуулахаар төлөвлөж байна. Завсарлахаас өмнө хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүд бий. Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг батлахаар төлөвлөж байна. Уг хуулийн төслүүдийг улам боловсронгуй болгох зорилгоор бүлгээс ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж ажиллана гэсэн юм.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өнөөдрөөс УИХ хэлэлцэж эхлээд байна. Дээрх таван хуулийн төсөл батлагдсанаар зарчмын ямар өөрчлөлт гарахыг танилцуулъя.

  1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулалтыг нь тайлагнах, хяналт тавих гэх мэт ерөнхий асуудлуудыг тусгаж байгаа. Мөн өнөөдрийн тогтолцоог өөрчилж 2030 оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, түүнээс хойш бүрэн хуримтлалын тогтолцоонд оруулахаар тусгасан байна.
  2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтыг оруулжээ.
  3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд өнөөдрийн ерөнхий зохицуулалтыг нь хэвээр хадгалжээ. Харин нэмээд ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлж байгаа аж.
  4. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн осол гаргаагүй ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, урамшуулах олгох зохицуулалт тусгасан.
  5. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагч нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг тусгасан байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!