Эрүүл мэнд

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай, ходоодны ард байрлах холимог булчирхай юм. Нойр булчирхай нь дараах үүрэгтэй.

  • Хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл
  • Нүүрс ус болон илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулдаг байна.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ?

Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл ба үхжилт үүсч, дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан:

  • Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн /жишээ нь: гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг
  • Хоолны дэглэм алдах /ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол төлөв хорхог, боодог идсэнийхээ дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг/
  • Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтнүүдэд хийгдсэн мэс ажилбарууд

Нойр булчирхайн цочмог үрэвслийн эмнэлзүйн шинж:

  • Их хэмжээний тос, өөхтэй хоол болон архи хэтрүүлж хэрэглэсний дараа аюулхай орчим өвдөнө. /Өвдөлт зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж өвдөнө, нойр булчирхайн аль хэсэг гэмтсэнээс хамааран хэвлийн баруун, зүүн хэсгээр өвдөнө/
  • Хүчтэй бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, аюулхай орчимд цанхайж хатуурах, халуурах бөөлжих, ам хатах, дотор муухайрах, сульдах, хоолны дуршил буурах шинж илэрнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл:

  • Төвийн болон захын цусны эргэлтэд өөрчлөлт гарна.
  • Өвдөлтийн шок
  • Цус алдах
  • Гэдэс түгжрэл
  • Бөөрний хурц дутагдал, олон эрхтний дутагдалд орж, үхэлд хүргэдэг.

Оношилгоо: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Биохими, хэвлийн ЭХО, компьютерийн томографын шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт: Архи, тамхи хориглох, хоолны дэглэм өөхтэй хурц хоол идэх гол төлөв үүний дараа хүйтэн юм уух зэрэг нь нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэдэг. Зөв зохистой хооллох хэрэгтэй. Өвдөлт намдаах зорилгоор хэвлийд халуун жин хэзээ ч тавьж болохгүй. Эсрэгээрээ хүйтэн мөсөн жин тавьж, хоол сойх хэрэгтэй. Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Нойр булчирхайн архаг үрэвсэл гэж юу вэ

Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч, даамжрах явцтай гол төлөв үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатангиршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл. Түүний цоргоны бүтцэд уйланхайн, шохойжилт чулуу үүсдэг, нойр булчирхайн гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг нойр булчирхайн архаг үрэвсэл гэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!