Эрүүл мэнд

Л.Баттөр: Мутацлагдсан хувилбар тархсан байж болзошгүй тул иргэд гэртээ байгаарай

УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.БаттөрБид анхнаасаа 28 хоног хөл хорих санал гаргасан. Эхний ээлжид 14 хоногоор хөл хорио зарлан, явцад нь тохиолдлын тоо, нас баралт хэрхэхийг ажиглах шийдвэр гарсан юм. Өнгөрсөн хоёр долоо хоногт тохиолдлын тоо буураагүй. Тохиолдол, нас баралт буураагүй тул дахин 12 хоногоор хөл хориог сунгалаа. Тав хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдлээ. Бүх нийтийн бэлэн байдал зарлаагүй байсан бол өдөрт илрэх тохиолдол 3000 хүрэх байв. Ийм нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд их төвөгтэй болно.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээр огцом өсөлтийг тогтвортой болгон барьж чадсан. Энэ бол том амжилт. Ирэх есдүгээр сар гэхэд 190 мянган хүн халдвар авах тооцоо байсан.

Бид 100 мянган иргэнийг халдварт өртөхөөс сэргийлж чадсан. Одоогоор нийт тохиолдол 30 мянгыг давчихлаа. Халдвар авсан иргэдийн дунд мутацлагдсан хэлбэр байгаа эсэхийг судалж байна. Бид БНСУ руу 20 орчим сорьц явуулсан байв. Япон руу манай гурван вируслогич дахин 20 дээж авч явсан. Геномын дарааллыг өндөр түвшинд тогтоох судалгаагаар эхний дөрвөн сорьцын хариу гарсан. Ямар нэг мутацлагдсан хэлбэр байхгүй гэсэн. Судалгаа үргэлжилнэ. Манай мэргэжилтнүүд сурч ирснээр бид тавдугаар сараас эхлэн мутацлагдсан хэлбэр байгаа эсэхийг өөрсдөө тогтооно. PCR шинжилгээ хийхдээ Их Британи, Бразил, Өмнөд Африкийн хувилбарууд байгаа эсэхийг тогтоох тусгай урвалж бодисууд, уусмал ашигласан. Ингэхэд БНТУ-аас ирсэн гурван иргэний хариунд энэ хэлбэр байгаа нь тодорхой болсон юм. Мөн нэг эр бүлийн хоёр хүнд илэрсэн. Бусад сорьцод илрээгүй. Иймд энэ хариуг 100 хувь болон батлах шаардлага бий. Их Британи, Бразил, Өмнөд Африкийн хувилбаруудын тархац хурдан, хүнд хэлбэрийн нас баралтад хүргэдэг тул манай улсад ороод ирсэн байж болзошгүй. Иймд иргэд үлдсэн 12 хоногийг маш үр дүнтэйгээр хөл хорионд өнгөрөөгөөрэй. Өмнөх 14 хоногийн хөл хорио төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Хөдөлгөөн маш их байлаа. Харин хоёрдугаар сард иргэд 100 хувь хөл хориондоо байсан.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!