Гоо сайхан

Нарны тосны талаар таны мэдэх ёстой бүхэн

Арьс арчилгааны бүтээгдэхүүн дундаас хамгийн дутуу үнэлэгддэг хэдий ч хэзээ ч алгасаж болохгүй амин чухал үе шат бол “нарны тос” билээ.

БИД ЯАГААД НАРНААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ?

Бидний арьсыг хуурайшуулж, нөсөө толбо үүсгэж, цагаас нь эрт хөгшрүүлдэг хамгийн том хэрэгтэн бол нарны хэт ягаан туяа.

Бид нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүй харлан үрчлээтэж, өвчтэй арьстай нэгэн болно гэсэн үг.

Харин нарны хорт цацрагаас арьсаа хамгаалах хамгийн зөв арга нь зориулалтын нарны тос түрхэх. Хүйтэн сэрүүний улирал, бүрхэг бороотой өдөр ч байсан хамаагүй нар тэнгэрт мандсан л бол нарны тос хэрэглэх нь зайлшгүй.

Ялангуяа Монгол улс шиг жилийн 230-260 өдөр нь цэлмэг нартай, эрс тэс уур амьсгал давамгайлсан цаг уурын нөхцөлд арьсаа бүр ч илүү хайрлан хамгаалах хэрэгтэй. Нарны тос бидний арьсыг зөвхөн нарны хэт ягаан туяанаас гадна орчны бохирдол, ширүүн салхи, тоос тоосонцроос хүртэл хамгаалдгийг гэдгийг ч мартаж болохгүй.

Нарны хэт ягаан туяаг долгионых нь уртаар UVA, UVB гэж ангилна.

Хэт ягаан туяа нь бүхэлдээ тийм ч муу зүйл биш.

D аминдэмийг үүсгэж, сэтгэл санааг өөдрөг болгогч серотонин болон бие махбодийн өдрийн дэглэмийг зохицуулагч народреналиныг үүсгэдэг сайн тал түүнд бий.

Гэвч нөгөө талаар хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

UVB буюу бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж арьсыг борлуулахаас гадна түлж ч болно.

Харин UVA буюу альфа спектрийн туяа арьсны илүү гүнд нэвтэрч эдийн түвшинд гэмтээснээр уян хатан чанарыг нь бууруулдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар, арьс наранд хэт түлэгдсэнээс арьсны генид өөрчлөлт орон улмаар арьсны өмөн үү, нүдний болор цайх өвчний үүсэх нөхцөл болж байгаа аж.

Хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалах меланин хэмээх бодисыг хүний бие организм өөрөөсөө ялгаруулдаг хэдий ч он жил улиран одох тусам ихэнх меланоцит эсүүд багасан идэвхгүй болж, үлдсэн эсүүд нь арьсан дээр толбо үүсгэж эхэлдэг.

Настай хүмүүсийн гар, хүзүү, нүүрний арьс гээд хаа сайгүй байх бор толбууд нь үхэжсэн меланоцит эсүүд юм. Өөрөөсөө багахан хэмжээний хичээл зүтгэл гаргахад л цаг хугацааг хуурах боломжтой болсон энэ цаг үед сайн дураараа түрүүлж хөгшрөх замыг сонгох нь хэтэрхий гунигтай хэрэг шүү дээ.

ТЭГВЭЛ ЯМАР НАРНЫ ТОС ХЭРЭГЛЭХ ВЭ?

Зах зээл дээр худалдаалагдаж буй бүхий л нарны тоснууд chemical буюу химийн найрлага давамгайлсан, physical буюу органик эрдсийн найрлага давамгайлсан гэх хоёр төрөлд хуваагддаг. Physical нарны тосыг ялгаж авах хамгийн гол найрлага бол zinc oxyde буюу цайрын исэл.

Цайрын исэл нь бидний арьсыг UVA, UVB туяануудаас зэрэг хамгаалагч цорын ганц найрлага бөгөөд цайрын ислийн хувь хэмжээ болоод бусад бүтээгдэхүүнтэй зохицох, арьсанд шингэх шингэц зэргээсээ хамаарч нарны тосны үнэ өөр байдаг.

SPF БОЛОН PA ГЭЖ ЮУ ВЭ?

Бүх л нарны тосон дээр байдаг SPF гэх бичиг нь “Sun Protection Factor” буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм.

SPF нь тухайн бүтээгдэхүүн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж буйг шууд илэрхийлэх хэмжигдэхүүн биш бөгөөд харин нарны хэт ягаан туяанаас хамгаалах хувийг хэмжих үзүүлэлт билээ.

SPF-ээс гадна зарим тосон дээр PA гэсэн тэмдэглэгээ байдаг бөгөөд энэ нь UVA туяанаас арьсыг хамгаалах зэргийг илтгэдэг.

(PA+, PA++, PA+++, and PA++++) гэсэн тэмдгүүд нь таны арьсыг UVA туяанаас хэр зэрэг хамгаалж чадахыг харуулж буй хэрэг.

Хэрвээ таны тосон дээр энэ хоёр тэмдэг хоёулаа байвал нарны тос тань UVA, UVB туяанаас зэрэг хамгаалах чадалтай гэсэн үг. Сонирхолтой нь, нарны тос тогтмол түрхдэг хүмүүсийн дийлэнх нь хангалттай хэмжээний тосыг нүүрэндээ түрхдэггүй гэнэ.

Нүүрний арьсыг бүхэлд нь хамгаалахад ойролцоогоор 1 цайны халбага буюу 5мл тос түрхэх нь зохимжтой. Энгийнээр тайлбарлавал, долоовор болон дунд хурууны эхлэлээс төгсгөл хүртэлх хэмжээтэй тос нүүрэнд хангалттай.

НАРНЫ ТОСНЫ ТАЛААРХ БИДНИЙ ТҮГЭЭМЭЛ БУРУУ ОЙЛГОЛТУУД

SPF30, SPF50-ын хоорондох хамгаалах чадвар хол зөрүүтэй мэт танд санагдаж болох ч бодит байдал дээр эдгээр тосны хамгаалах чадвар ердөө 1.3%-ийн зөрүүтэй. Мөн хамгийн өндөр SPF хувьтай тос ч таныг нарнаас 100% хамгаалж чадахгүй гэдгийг анхаараарай.

Дийлэнх Ази хүмүүсийн арьс ямар ч хамгаалалтгүй нөхцөлд 10 минутын дотор наранд түлэгдэх аюултай байдаг. Нарны тосон дээрх SPF хэмжээг та дээрх тоогоор үржүүлснээр таны тос нарнаас хэр удаан хамгаалж чадахыг мэдэх боломжтой. Жишээ нь, SPF30-тай нарны тос таныг 300 минутын турш нарнаас хамгаална гэсэн үг. Ус, салхи гээд орчны нөлөө энэ хугацааг улам багасгах боломжтой гэдгийг мартуузай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!