МэдээХүүхдийн хүмүүжил

М.Гүюг: Эрдэм, мэдлэг сурах үедээ ичиж санаа зовох гэдгээс ангид байх ёстой

Уншигч та бүхэнд хятад хэлний олимп гэгддэг “Хятад хэлний гүүр” олон улсын тэмцээнээс хоёр удаа Азийн аваргаар шалгарч, дэлхийд 5-д жагсаж Монголын анхны хятад хэлний мастер болж амжилтаа дархалсан  М.Гүюгийн ярилцлагыг хүргэж байна.

Байрныхаа үүднээс холдож үзээгүй бүрэг, ичимхий хүү 12 настайдаа БНХАУ-д сурахаар явснаар боловсрол эзэмшихийн сайхныг ухаарчээ. Хэцүү үедээ сургуулийнхаа тоглоомын талбайн хажууд очоод хашхирч уйлдаг байсан хүү, хоолоо ганцаараа иддэг ямар ч найзгүй байсан ТЭР одоо 1000 гаруй суралцагчийн багш болжээ.

Улс төр, бизнес, уул уурхайтай холбоотой аман болон бичгэн орчуулга хийж, хятад хэл сурах хүсэлтэй хүмүүсийг чиглүүлэн өөрийн туршлагыг харамгүй түгээж буй М.Гүюг багш мэргэжилдээ хязгааргүй хайртай нэгэн юм.

Ингээд М.Гүюгийн боловсролд шамдах болсон шалтгаан, хэцүү цаг үеийг хэрхэн давсан туршлага, хэл сурах арга барил зэрэг олон сэдвийн хүрээнд халуун яриа өрнүүлснийг хүлээн авч уншина уу.

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг М.Гүюг гэдэг. Би БНХАУ-ын Эрээн хотын 1-р дунд сургуулийг төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Түүнчлэн олон улсын харилцааны мэргэжлээр магистрын анги төгссөн. Хятад хэлний “Анко” сургалтын төвийг үүсгэн байгуулан багшилж байгаа залуу боловсон хүчин байна.

-М.Гүюгийн боловсролд шамдах болсон шалтгаан юунаас эхтэй бол?
-Би анх үеийнхнээсээ хоцроод долоон настай байхдаа сургуульд элсэж байсан. Тавдугаар анги хүртлээ Монголдоо суралцаж байгаад 12 настайдаа БНХАУ-ын Эрээн хотын 1-р дунд сургуульд сурахаар зорьсон. Байрныхаа үүднээс холдож байгаагүй хүү бие дааж суралцах болсноор маш олон хэцүү зүйлтэй нүүр тулж, боловсрол эзэмшихийн чухлыг ойлгож авч байлаа.

-12 настай хүү яагаад БНХАУ-руу явж суралцахаар шийдэв. Аав, ээжийнх нь хувьд насанд хүрээгүй хүүгээ ганцааранг нь сурахаар явуулах амаргүй шийдвэр байсан болов уу?
-Намайг есөн настайгаас эхлээд БНХАУ руу явуулж сургана гэж аав, ээж маань ярьдаг байсан. Тавдугаар ангиа төгсдөг зун наймдугаар сард гадаа тоглож байгаад ам цангаад ус уухаар гэртээ ортол аав, ээж “ярих юм байна” гэж намайг дуудсан. Тэгсэн чинь ширээн дээр хоёр галт тэрэгний тасалбар тавьчихсан намайг маргааш, нөгөөдөргүй БНХАУ руу явж сурах тухай хэлсэн. Ингээд л намайг явуулахаар хувцсыг минь бэлдэж эхэлсэн. Тухайн үед би шоконд орсон. Ингээд л би явах болчхож байгаа гэж үү гэж гайхаж байлаа.

-БНХАУ-ын Эрээн хотын 1-р дунд сургуулийн босгыг алхаад ямар хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан бол. Тухайн үед хэрхэн өөрийгөө ялж, суралцаж байв?
-Эхний нэг семестр бараг өдөр болгон гэр рүүгээ уйлж залгадаг байсан. Ингээд хэдэн сарын дараа ээж маань намайг эргэхээр ирж, хамт хоёр хоносон. Тэгээд ээжийг буцдаг өдөр дагаад хамт явчихмаар санагдаад байрлаж байсан зочид буудлын ариун цэврийн өрөөнд ороод дотроосоо түгжчихсэн. “Намайг Монгол руу авч явна л гэх юм бол би эндээс гарна” гэж ээждээ хэлсэн. Хоёр цаг гаруй тэнд уйлж суусан. Тэгээд эцэст нь үлдсэн. /Инээв/ Тухайн үед би өөрийгөө их тэвчээр гаргаж, хүний нутагт сурч байна гэж боддог байлаа. Гэхдээ дараа нь эргэцүүлэхэд аав, ээж маань надаас хэд дахин их тэвчээр гаргаж арав гаруйхан настай хүүгээ эрдэм сургахаар хүний нутагт үлдээсэн байдаг.

-12 настай үеийн М.Гүюг хэцүү санагдаж байсан бүхнийг давахын тулд өөрийгөө хэрхэн зоригжуулж байсан бол?
-Би сул дорой байдлаа бусдад харуулахыг хүсдэггүй. Өглөө 06:00 цагаас орой 21:00 цаг хүртэл хичээл ордог. Тэгэхээр өглөөнөөс орой хүртэл олон хүн дунд байдаг. Тиймээс би бусадтай л адилхан суралцаж чадна. Хичээх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Өдөр, оройн хоолны цагаар л ганцаараа байх боломж олддог. Заримдаа сэтгэлээр унасан үедээ оройн хоолоо идэхгүй сургуулийн тоглоомын талбайн буланд очоод чангаар орилж уйлан сэтгэлээ онгойлгодог байсан. Энэ нь надад маш их хэрэгтэй байсан. Таагүй санагдсан зүйлсийг сэтгэлдээ хадгалаад байхгүй гадагшлуулах нь зүйтэй. Сургууль утас хураадаггүй байхад аав, ээж рүүгээ байнга залгадаг байсан. Аав, ээж маань хэзээ ч намайг шахдаггүй байсан. Сайн сур, мундаг бай гэж хэлдэггүй. Тиймээс би өөрийнхөөрөө суралцаж ирсэн.

Би 12, 13 настай байхдаа маш бүрэг ичимхий, дотогшоо хүүхэд байсан. Тиймээс найз нөхөд байдаггүй байлаа. Ганцаарддаг хэцүү үед маань хамгийн их тусалж өнөөдрийн М.Гүюгийг бүтээлцсэн хүн бол манай ангийн өвөрмонгол багш Бай Лин Ли юм.

Намайг сургуулийнхаа эхний жилийг суралцаж дууссаны дараа аав намайг бизнесийн орчуулгад дагуулж явсан юм. Өөр ямар ч орчуулагчгүйгээр дөнгөж нэг жил Хятадад сурсан 13 настай хүүхдийг гэрээний орчуулга хийлгэхээр авч явсан. Тэгээд орчуулгаа амжилттай хийсэн. Аавтай хамтран ажиллахаар болсон хятад хүмүүс нь намайг өхөөрдөөд парк, хоолны газар зэрэг гоё газраар дагуулж явсан. Тэр үед би гадаад хэл сурахын давуу талыг өөр өнцгөөс харж эхэлсэн.

СУРАЛЦАГЧДАДАА “ИХ БИТГИЙ ХИЙ. БАГА БИТГИЙ ХИЙ. ХАРИН ӨДӨР БҮР ТУУШТАЙ ХИЙ” ГЭЖ ЗӨВЛӨДӨГ

-Дунд сургуульд суралцаж байхад чамайг хамгийн их дэмжиж, тусалдаг хүн хэн байсан бол?
-Би ангийнхаа багшид маш их баярладаг. Одоо ч холбоотой байдаг. Би 12, 13 настай байхдаа маш бүрэг ичимхий, дотогшоо хүүхэд байсан. Тиймээс найз нөхөд байдаггүй байлаа. Ганцаарддаг хэцүү үед маань хамгийн их тусалж өнөөдрийн М.Гүюгийг бүтээлцсэн хүн бол манай ангийн өвөрмонгол багш Бай Лин Ли юм. Сургуульд орсон эхний жилийн хувийн хэрэг дээр “М.Гүюг маш ичимхий. Өөрийгөө нээх хэрэгтэй” гэж бичсэн байдаг. Харин төгсөх ангийн хувийн хэрэг дээр “М.Гүюг бусадтай маш сайн чөлөөтэй харьцдаг. Өөрийгөө зөв илэрхийлдэг. Заримдаа бусдад боломж олгохгүй их ярьдаг” гэсэн байсан. Үүнээс л миний өөрчлөлтийг харж болно. Багш маань миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэдэг хандлагаар бидэнтэй харьцдаг байсан. Би өдрийн хоолоо ганцаараа иддэг байсан. Тэр үед багш маань заримдаа надтай хамт сууж хооллоно. Хань болно. Тэр болгонд намайг зоригжуулдаг байлаа. Өөртөө итгэлтэй байх, тууштай байхыг заасан.

-М.Гүюг хятад хэлний олимп гэгддэг “Хятад хэлний гүүр” тэмцээнд оролцож Азидаа тэргүүлж, дэлхийд тавдугаарт жагссан амжилтыг үзүүлж байсан шүү дээ. Тэр үед Бай Лин Ли багш нь шавиараа маш их бахархсан байх даа.
-“Хятад хэлний гүүр” тэмцээн бол жилд нэг удаа зохион байгуулагддаг том тэмцээн. Маш олон шатыг давж байж шилдэгт шалгардаг. 2018 онд Монголоосоо шалгараад Хятадад очоод тэмцээнд оролцож байхдаа шилдэг 30-аас шилдэг 6-д орсноо дуулгах гээд хамгийн түрүүнд багш руугаа залгасан. Тэгсэн чинь багш “Өө тийм үү. Багш нь хоолоо идэж байлаа. Чиний хувьд шилдэг зургаа юухан байсан юм бэ” гэж хөндий хариулсан. Энэ нь намайг шилдэг 6-гаас ч цааш явах боломжтой шүү. Энэ ажилтандаа ханачих вий гэсэн сэрэмжлүүлэг бас ташуур байсан. Тэгээд би Ази тивийн аваргын төлөө өрсөлдөхөөс өмнө багш руу залгаад “Одоо Азийн аварга болох гэж байна. Би чадах болов уу. Зарим орны хүүхдүүд ямар мундаг юм бэ” гэхэд багш “Бусад орны хүүхдүүдийн хятад хэлний чадвар сайн байж болноо. Гэхдээ хэн нь ч миний Гүюг шиг сэргэлэн биш шүү дээ” гэсэн. Багш намайг “Миний Гүюг” гэж дууддаг. Энэ үгнээс маш их урам зориг авч, Азийн аварга болсон.

“Хятад хэлний гүүр” тэмцээнд 2018, 2020 онд Ази тивийн аварга болж, хятад хэлний мастер цолыг хүртсэн.

-Хятад хэлийг сурахад маш хүнд гэлцдэг. Чи ямар арга барилаар сурч, хятад хэлийг эзэмшсэн бэ?
-Хятад хэлийг гаднаас нь өнгөц харахад хүнд санагдана. Харин сурах гэж оролдоод дотогш нь нэвтрээд үзвэл тийм хэцүү зүйл биш. Хятад хэлийг жимс гэж үзвэл хальс нь их хатуу. Хальсыг нь зөв авч чадвал амтлаг сайхан жимс таны гарт очно л гэсэн үг. Бид багаасаа ханз гэдэг зүйлийг мэдэхгүй, англи, орос хэлийг дагнаж сурдаг. Тиймээс хүнд санагддаг. Хятад хэлний анхан шатны мэдлэгийг суралцах 3-4 сарын хугацаанд тултлаа хичээж чадвал сурах тусам илүү ойлгомжтой, амархан болно. Ханз цээжилнэ гэхээс хүмүүс шийрэгнээд байдаг. Гэтэл суурь 100-200 ханз цээжилсэн байхад тэдгээр нь хольж, солигдоод өөр, өөр үгийг бүтээчихдэг. Хятад хэл сурахаас ерөөсөө битгий эмээгээрэй. Би хятадаар дуу сонсох, ток шоу, кино үзэх зэргээр сонирхолтой байдлаар өөрийгөө энэ хэлэнд дурлуулсан.

Суралцагчдадаа “Их битгий хий. Бага битгий хий. Харин өдөр бүр тууштай хий” гэж зөвлөдөг. Бид долоо хоногийн зургаан өдөр зүв зүгээр сууж байснаа ганцхан ням гарагт бүтэн 12 цаг ханз цээжлээд яах юм.

-“Анко” сургалтын төвөө нээгээд хоёр жил болж байгаа шүү дээ. Энэ хугацаанд хэчнээн шавьтай болов. Суралцагч нартаа аминчлан зөвлөдөг зүйлсээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Манай сургалтын төв цахимаар болон танхимаар хичээлээ ордог. Цар тахлын нөхцөл байдлаас болоод одоо дандаа цахимаар хичээллэж байна. Манай сургалтын төв долоон багштай. Бид 1000 гаруй шавьтай болсон.

Би Хятадад сурч байсан хичээлийн хөтөлбөрөө боловсруулаад нэг сарын сургалт байдлаар хослуулан хичээлээ заадаг. Тиймээс манай сургалтын төвийн ашигладаг материал бусад сургалтын төвийнхнөөс өөр байдаг. Суралцагчдадаа “Их битгий хий. Бага битгий хий. Харин өдөр бүр тууштай хий” гэж зөвлөдөг. Бид долоо хоногийн зургаан өдөр зүв зүгээр сууж байснаа ганцхан ням гарагт бүтэн 12 цаг ханз цээжлээд яах юм. Үүний оронд долоо хоногийн долоон өдөр, өдөрт ерөөсөө 30 минут ханзаа цээжилчих. Урт хугацаандаа энэ нь илүү өгөөжтэй байдаг.

Түүнчлэн хичээл дуусах үед бүх хүүхэд хичээлээ ойлгосон байх шаардлагатай. Ойлгоогүй тохиолдолд заавал асуух хэрэгтэй. Эрдэм, мэдлэг сурах үедээ ичиж санаа зовох гэдэг зүйлээс ангид байх ёстой. Мэдэхгүй зүйлээ асуухаас санаа зовох нь байж боломгүй зүйл. Үүнийг сурагчдадаа ойлгуулахыг маш их хичээдэг.

ОРЧУУЛАГЧ ХҮМҮҮС “НАМАЙГ МУУ ОРЧУУЛАГЧ ГЭЖ БОДЧИХ ВИЙ” ГЭХ БОДЛООСОО БОЛООД ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛЭЭ АСУУХААС САНАА ЗОВДОГ. ИНГЭЭД БУРУУ ОРЧУУЛАХ ЗЭРЭГ АЛДАА ГАРГАДАГ

-HSK шалгалт гэж юу вэ?
-HSК бол хятад хэлний түвшин тогтоох шалгалт юм. Энэ шалгалт 2012 онд шинэчлэгдээд зургаан түвшинтэй болсон. Уг шалгалт нь тухайн хүнийг хятад хэлний хэр түвшний мэдлэгтэй юм бэ гэдгийг олон улсад баталгаажуулж өгдөг гэсэн үг. Яг л IELTS, TOEFL, TOPIC шалгалттай адил. БНХАУ-ын сургуулиуд тэтгэлэгт хамрагдах сурагчдаасаа HSK4 түвшинг шаарддаг. HSK шалгалтын нэг түвшин нь 300 оноотой. 180 онооноос дээш авч байж тухайн түвшинг хангалаа гэж үздэг. Би HSK6 түвшний 270 оноотой. Энэ оны зургаадугаар сард ахиад шалгалт өгөх гэж байгаа. Яагаад гэвэл 2021 оны долдугаар сарын 1-нээс эхлээд HSK шалгалт дахин шинэчлэгдээд 9 түвшинтэй болох юм. Шалгалтын оноо хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Миний хамгийн эхэнд баримтладаг зарчим бол шударга байх юм. Миний үүрэг бол хоёр талыг ойлголцолд хүргэх. Тиймээс би анхнаасаа хоёр талын хүмүүст “Би ойлгохгүй зүйл гарвал юу ч байсан асууна шүү” гэж хэлдэг.

-Сургалтын төвдөө багшлахаас гадна өөр ажлууд төлөвлөн хийж байна уу?
-Би багшлахаас гадна компаниудтай хамтран аман болон бичгэн орчуулга хийдэг. Мөн “Монгол дахь Күнзийн институт”-ын HSK шалгалтын комисст ажилладаг. Түүнчлэн “Bank of China”-гийн дэргэдэх “Монгол Хятадын хэл, соёл, боловсролын төв”-ийн залуучуудын клубын тэргүүнээр ажилладаг. Сургалтын төвдөө хүүхдүүдийг БНХАУ руу зуучлах хөтөлбөр нэвтрүүлсэн. Энэ ажилд сүүлийн нэг сарыг зарцуулан ажиллаж байна.

-Орчуулга хийнэ гэдэг амаргүй, маш хариуцлагатай ажил шүү дээ. Синхрон орчуулга хийхдээ юуг түлхүү анхаардаг вэ?
-Би 2013 онд аавтайгаа анхны орчуулгын ажилд явж байсан. Түүнээс хойш бизнес, уул уурхай, улс төрийн салбарт синхрон орчуулга хийж байсан туршлагатай. Миний хамгийн эхэнд баримтладаг зарчим бол шударга байх юм. Миний үүрэг бол хоёр талыг ойлголцолд хүргэх. Тиймээс би анхнаасаа хоёр талын хүмүүст “Би ойлгохгүй зүйл гарвал юу ч байсан асууна шүү” гэж хэлдэг. Миний мэргэжил барилгачин, уурхайчин биш учраас бусад салбарын тухай орчуулыгн үеэр мэдэхгүй зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс орчуулгаа эхлэхээс өмнө хоёр талтай шулуухан ярьдаг.

Орчуулагч хүмүүс “намайг муу орчуулагч гэж бодчих вий” гэх бодлоосоо болоод ойлгохгүй байгаа зүйлээ асуухаас санаа зовдог. Ингээд буруу орчуулах зэрэг алдаа гаргадаг. Худлаа орчуулна гэдэг маш аюултай. Хүний хэдэн арван жил хөдөлмөрлөж босгосон бизнесийг нураах хэмжээний аюултай.

Орчуулга хийхэд мэдрэмж шаардлагатай. Хоёр тал бизнес хэлэлцээртээ тохиролцож чадахгүй, ярианы өнгө аяс эвдрэхэд үүнийг залруулж чадах хүн нь орчуулагч байдаг.

  1. Орчуулагч хүн хэзээ ч сандарч болохгүй.
  2. Хурдан орчуулах гэж яарч болохгүй.
  3. Орчуулга хийж байгаа үедээ хэзээ ч стэйк идэж болохгүй. Яагаад гэвэл бүхэл мах идэх боломж орчуулгын үеэр олддоггүй.

-Таны ойрын зорилго, мөрөөдлийн тухайд?
-Би ирэх жил БНХАУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцана. Сурч, боловсрох гэдэг зүйл хүний насан туршид үргэлжилдэг үйл ажиллагаа гэж боддог. Цаашдаа сургалтын төвөө үргэлжлүүлээд сургууль болгохыг мөрөөдөж байна. Надад сурмаар байгаа маш олон салбар байна. Бусдад мэдлэгээ хуваалцахаа хэзээ ч зогсоохгүй. Багшийн мэргэжилдээ би маш их хайртай. Сурч, мэдсэнээ бусдад заах нь буян гэж бодож хичээн заадаг.

Хүмүүс намайг “яагаад мөнгө бага олдог хэрнээ ийм хүнд мэргэжлээр ажиллаж байгаа юм бэ” гэдэг. Гэхдээ хүмүүстэй мэдлэгээ хуваалцаж, тэдний амжилтыг харах нь надад маш их урам өгдөг.

-Үеийнхээ залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Цахим орчинд сөрөг мэдээлэл маш их байна. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой, аливаа зүйлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсдэг. Баттай эх сурвалжаас мэдээллээ авах хэрэгтэй. Шүүмжлэлт сэтгэлгээтэйгээр хандах нь чухал. Хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй. Мөн аливаа зүйлд тууштай байгаасай гэж хүсэж байна.

-Дотроо байнга бодож, өөртөө ташуур болгодог үгс бий юу?

  1. Чиний тав тухтай орчин чамайг “хөнөөж” байдаг. Тиймээс тухтай байдалдаа дасан зохицох нь буруу зүйлийн дохио гэж бод.
  2. Эрдэмтэй хүн даруу гэдэг үгийг байнга санадаг.
  3. Оролдлого сайт оройд нь. Энэ үгийг сүүлийн үед хамгийн их бодож, өөрийгөө урамшуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.
-Намайг урьсанд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

ЭХ ҮҮСВЭР: GOGO.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!